21 1Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис байхгүй болов. 2Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа. 3Сэнтийнээс чанга дуу гарахыг би сонсов.
-Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [тэдний Бурхан нь болно]. 4Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо.
5Сэнтийд Залрагч
-Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд
-Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв. 6Тэр надад
-Биеллээ. Би бол Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл. Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө. 7Ялагч нь эдгээр зүйлийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно. 8Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна гэв.
9Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирээд надтай ярилцан
-Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. 10Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ. 11Түүнд Бурханы алдар нь байлаа. Гялбаа нь үнэт чулуу мэт бөгөөд талст шиг тунгалаг хас чулуу мэт байв. 12Тэр нь асар том өндөр хэрэмтэй бөгөөд арван хоёр хаалгатай байлаа. Хаалганууд дээр нь арван хоёр тэнгэр элч байлаа. Тэдгээрийн дээр Израилийн хөвгүүдийн арван хоёр овгийн нэрс бичигдсэн байв. 13Зүүн талд нь гурван хаалга, хойд талд нь гурван хаалга, өмнө талд нь гурван хаалга, баруун талд нь гурван хаалга байх аж. 14Хотын хэрэм нь арван хоёр суурьтай агаад тэдгээрийн дээр Хурганы арван хоёр элчийн арван хоёр нэрс байлаа.
15Надтай ярьсан тэнгэр элчид хот болон хаалгануудыг, мөн хэрмийг нь хэмжих алтан шугам байв. 16Хот нь дөрвөлжин бөгөөд урт нь өргөнтэйгөө адил аж. Тэнгэр элч хотыг шугамаараа хэмжихэд урт, өргөн, өндөр нь адилхан арван хоёр мянган стадиа байлаа. 17Тэр хотын хэрмийг хэмжихэд, хүний хэмжээс ба мөн тэнгэр элчийн хэмжээсээр зуун дөчин дөрвөн пехус болов. 18Хэрмийг хас чулуугаар хийсэн бөгөөд хот нь тунгалаг шил мэт шижир алт ажээ. 19Хотын хэрмийн сууриуд нь төрөл бүрийн эрдэнийн чулуугаар чимэглэгджээ. Эхний суурь нь хас, хоёр дахь нь индранил, гурав дахь нь гартаам, дөрөв дэх нь маргад эрдэнэ, 20тав дахь нь мамагартаам, зургаа дахь нь нал, долоо дахь нь хашиг, найм дахь нь биндэрьяа, ес дэх нь молор, арав дахь нь мана, арван нэг дэх нь оюу, арван хоёр дахь нь ягаан болор байв. 21Арван хоёр хаалга нь арван хоёр сувд ажээ. Хаалга нэг бүр нь нэгэн цул сувд байсан бөгөөд хотын гудамж нь тунгалаг шил мэт шижир алт байв.
22Би хотод ямар ч сүм харсангүй. Учир нь Төгс хүчит Эзэн Бурхан ба Хурга бол тэндхийн сүм юм. 23Хотод дээрээс нь гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлсэн бөгөөд дэнлүү нь Хурга байлаа. 24Үндэстнүүд тэр гэрлээр нь алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна. 25Хотын хаалганууд өдөр хэзээ ч хаагдахгүй. Учир нь тэнд шөнө гэж байхгүй. 26Тэд үндэстнүүдийн алдар, хүндлэлийг тийшээ авч ирнэ. 27Ямар ч бузар юм болон жигшүүрт зүйл үйлддэг болон худал ярьдаг хэн ч хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдсэн хүмүүс л орох ажгуу.