5 1Тэд нуурын нөгөө эрэг болох Герас нутагт иржээ. 2Түүнийг завинаас буухад тэр даруй бузар сүнстэй хүн булшнаас гарч Есүстэй учрав. 3Тэр хүний орон байр нь булшнуудын дунд байв. Хэн ч түүнийг хүлж чадсангүй, бүр гинжээр ч хүлж чадсангүй. 4Учир нь тэр олон удаа гавтай, гинжтэй байсан ч гинжээ тастаж, гаваа хэдэн хэсэг болгон эвдчихдэг байв. Түүнийг номхтгоход хэний ч хүч хүрсэнгүй. 5Тэрээр булшнуудын дунд, ууланд өдөр шөнөгүй орилж, чулуугаар өөрийгөө дэлсэнэ. 6Есүсийг холоос хараад, тэр гүйн ирж Түүнд мөргөв. 7Тэгээд чанга дуугаар хашхиран
-Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ. 8Учир нь Есүс
-Бузар сүнс чи энэ хүнээс гар гэж айлдсан ажээ. 9Есүс түүнээс
-Чамайг хэн гэдэг вэ? гэж асуусанд тэр
-Бид олуулаа учир намайг Легион гэдэг гэв. 10Тэгээд тэр Түүнээс өөрсдийг нь энэ нутгаас бүү зайлуулаач гэж хүсэмжлэн гуйж эхлэв. 11Тэнд ууланд гахайн их сүрэг бэлчиж байлаа. 12Чөтгөрүүд Есүсээс
-Биднийг гахай уруу явуулаач. Бид тэдний дотор оръё гэж гуйхад, 13Есүс тэдэнд зөвшөөрөв. Бузар сүнснүүд хүнийг орхиж, гахайнуудад шүглэв. Хоёр мянга орчим гахайн сүрэг эгц эргээс нуур уруу ухасхийж нуурт живцгээлээ. 14Гахайчид зугтаж, үүнийг хот, тосгодод мэдэгдэв. Тэгээд хүмүүс юу болсныг үзэхээр иржээ. 15Тэд Есүс уруу ирээд, чөтгөрт, “Легионд” эзэмдүүлж байсан яг тэр хүн хувцасласан, эрүүл саруул сууж байхыг хараад ихэд айв. 16Үзсэн хүмүүс тэр хүнд юу тохиолдсоныг болон гахайнуудын тухай тэдэнд ярьж өгчээ. 17Тэд Есүсийг нутгаасаа явахыг гуйж эхлэв. 18Есүсийг завинд суух үед чөтгөрт эзлэгдсэн байсан өнөөх хүн өөртэй нь хамт байя гэж гуйсанд, 19Есүс зөвшөөрсөнгүй, харин түүнд
-Гэртээ, өөрийнхөн дээрээ оч. Эзэн чамд ямар агуу зүйлс хийж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд мэдэгд гэв. 20Тэр явж, Есүс өөрийнх нь төлөө ямар агуу зүйлс хийж өгснийг Декаполис хэмээх газарт зарлаж эхлэв. Хүн бүр гайхацгааж байлаа.
21Есүс [завиар] нөгөө эрэг уруу дахин гаталж ирэх үед Түүн уруу олон хүн хуран цуглажээ. Есүс нуурын эрэг дээр байв. 22Синагогийн ахлагчдын нэгэн болох Иайр гэгч хүн ирж, Есүсийг хараад хөлд нь унаж,
23-Бяцхан охин маань үхлийн ирмэг дээр байна. Та очиж мутраа тавиач. Тэгвэл тэр минь эдгэж, амьдрах байх гэж ихэд хүсэмжлэн гуйв. 24Есүс түүнтэй хамт явахад хурсан олон Түүнийг дагаж, бүчин шахалдаж байлаа.
25Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. 26Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж, өөртөө байсан бүгдийг зарцуулсан боловч ямар ч тус болсонгүй, харин ч бие нь улам мууджээ. 27Есүсийн тухай сонссоны дараа тэрээр хүмүүсийн дундуур явсаар Түүний ард очиж, гадуур хувцсанд нь хүрэв. 28Учир нь тэр
-Хэрэв би зөвхөн Түүний хувцсанд нь хүрвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ. 29Тэр даруй түүний цус гоожих нь татарч, өвчнөөс салснаа биеэрээ мэдрэв. 30Есүс тэр даруй Өөрөөс нь хүч гарсныг мэдээд, олон түмэн уруу эргэн харж,
-Хэн Миний хувцсанд хүрэв? гэж асуулаа. 31Шавь нар нь Түүнд
-Хурсан олон Таныг шахаж байгааг Та хар л даа. Тэгтэл Та “Хэн Надад хүрэв?” гэх юм гэлээ. 32Есүс үүнийг үйлдсэн тэр эмэгтэйг харах гэж эргэн тойрноо ажиглав. 33Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ. 34Есүс түүнд
-Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.
35Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж
-Таны охин нас барчихлаа. Багшид төвөг удаад яах вэ? гэжээ. 36Гэвч Есүс үүнийг сонсоод, синагогийн ахлагчид
-Бүү ай. Зөвхөн итгэ гэж айлдав. 37Тэгээд Тэр Петр, Иаков, Иаковын дүү Иохан нараас өөр хэнийг ч Өөртэйгөө хамт явахыг зөвшөөрсөнгүй. 38Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарсан, чангаар уйлж хайлсан хүмүүсийг Тэр харав. 39Оруутаа Тэр тэдэнд
-Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд, 40тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв. Гэвч Есүс бүх хүнийг гаргаж, зөвхөн өнөөх хүүхдийн аав ээжийг нь Өөрийнхөө нөхдийн хамт авч хүүхдийг тавьсан өрөөнд оров. 41Хүүхдийн гараас барьж Тэр түүнд
-Талита кум (орчуулбал “Бяцхан охин минь, Би чамд хэлж байна. Бос!”) гэж айлдав. 42Тэр даруй охин босоод явж эхлэв. Тэр арван хоёр настай байжээ. [Тэр даруй] тэд бүр гайхаж орхив. 43Тэр
-Энэ тухай хэн ч мэдэх ёсгүй гэж тэдэнд хатуу сануулаад,
-Охинд идэх юм өг гэлээ.