10 1Тэгээд Тэр босож тэндээсээ Иудейн нутаг болон Иорданы чанадад очив. Дахиад л үй олон хүн Түүн уруу цуглахад, Тэр Өөрийн заншсан ёсоороо тэднийг сургаж эхлэв.
2Хэдэн фарисайчууд ирж, Есүсийг сорьж, эр хүн эхнэрээсээ салах нь хуульд таарах эсэхийг асуужээ. 3Есүс хариуд нь тэдэнд
-Мосе та нарт юу гэж тушаасан бэ? гэсэнд, 4тэд
-Салалтыг гэрчилсэн бичиг үйлдээд эхнэрээсээ салж болохыг Мосе эр хүнд зөвшөөрсөн шүү дээ гэв. 5Гэтэл Есүс
-Та нарын зүрх чинь хатуу тул Мосе та нарт тийм хууль бичиж өгсөн юм. 6Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн. 7Тийм учраас эр хүн эцэг, эхээ орхиж [эхнэртэйгээ нэгдэнэ]. 8Хоёул нэг бие болно. Тэд цаашдаа хоёр биш харин нэг махан бие мөн. 9Тиймээс Бурханы хамтад нь холбосон юмыг хэн ч бүү салгаг гэлээ. 10Айлд байхдаа шавь нар нь энэ тухай дахиад л Түүнээс асуув. 11Есүс тэдэнд
-Эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэгч хэн ч эхнэрийнхээ өмнө завхайрсан болно. 12Хэрэв эхнэр нь нөхрөөсөө салж, өөр эрэгтэйтэй гэрлэвэл, тэр эм завхайрсан болно гэв.
13Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тул Түүн уруу хүүхдүүдээ авчирч байлаа. Харин шавь нар тэднийг зэмлэв. 14Есүс үүнийг хараад, уурлаж шавь нартаа
-Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм. 15Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хэн боловч тэнд орохгүй гэж айлдлаа. 16Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр мутраа тавиад ерөөв.
17Түүнийг аян замдаа гарч явахад нь нэгэн хүн гүйн ирж, Түүний өмнө сөгдөж
-Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ? гэж асуув. 18Есүс түүнд
-Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. 19“Хүн бүү ал, бүү завхайр, бүү хулгайл, бүү худал гэрчил, бүү мэхэл, эцэг эхээ хүндэл” гэсэн хуулиудыг чи мэднэ шүү дээ гэсэнд, 20тэр Түүнд
-Багш аа, энэ бүгдийг би бага залуугаасаа л сахисан гэв. 21Есүс түүнийг ширтэн харж, хайрлан
-Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэж айлдав. 22Гэвч энэ үгнээс болж өнөөх хүний царай нь барайж, гунигтайгаар яваад өгөв. Учир нь тэр их хөрөнгөтэй хүн байжээ.
23Есүс тойруулж хараад Өөрийн шавь нартаа
-Чинээлэг хүмүүсийн хувьд Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ! гэв. 24Шавь нар Түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахиж
-Хүүхдүүд ээ, Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ! 25Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү хялбар ажээ гэсэнд 26тэд бүр ч илүү гайхаж, Түүнд
-Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэцгээв. 27Есүс тэднийг хараад
-Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж айлдав. 28Петр Түүнд
-Хар л даа. Бид бүхнийг орхиод Таныг дагасан гээд ярьж эхлэв. 29Есүс -Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эх, эцгээ, үр хүүхэд, эдлэн газраа орхино, 30
эр хүн одоо энэ үед гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эхээ, үр хүүхэд, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнх амийг авна. 31Гэвч эхэнд байх олон хүн сүүлчийнх болно, сүүлчийнх нь эхнийх болно гэлээ.
32Тэд Иерусалим орохоор замдаа явж байв. Есүс тэдний өмнө нь явж байлаа. Тэд гайхаж байсан бөгөөд дагалдаж явсан хүмүүс нь айж байв. Есүс дахиад л арван хоёрыгоо тусад нь авч, Өөрт нь юу тохиолдох тухай тэдэнд айлдаж эхлэв.
33-Харагтун, бид Иерусалимыг зорьж явна. Хүний Хүү ахлах тахилч нарт болон хуулийн багш нарт тушаагдах болно. Тэд Түүнд алах ял тулгаж, Түүнийг харь үндэстэнд тушаана. 34Тэд Түүнийг басамжилж, нулимж, ташуурдаад ална. Тэгээд гурав хоногийн дараа Тэр дахин амилна гэв. 35Зебедеен хоёр хүү Иаков, И
охан нар Есүст ойртон ирж Түүнд -Багш аа, бид юу ч гуйсан, түүнийг маань бидэнд хийж өгөхийг Танаас хүсэж байна гэв. 36Тэр -Та нарт
юу хийж өгөхийг Надаас хүсэж байгаа юм бэ? гэхэд, 37тэд Түүнд -Таны сүр жавхлан дотор бидний нэгийг Өөрийн баруун гар талдаа, нөгөөг маань Өөрийнхөө зүүн талд суулгаач гэв. 38Харин Есүс
-Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу? гэхэд, 39тэд Түүнд
-Бид чадна гэв. Есүс тэдэнд хандаж
-Миний уух аяганаас та нар ууж, Миний хүртэж байгаа баптисмыг та нар хүртэх болно. 40Харин Миний баруун, зүүн талд суух нь Миний өгөх юм биш. Энэ нь хэний төлөө бэлтгэгдсэн байна, тэдэнд өгөгдөнө гэж айлдав. 41Үүнийг сонсоод нөгөө арав нь Иаков, Иохан нарт зэвүүцжээ. 42Есүс тэднийг Өөр уруугаа дуудаж, тэдэнд
-Харь үндэстнүүдийн захирагчид гэж тооцогдсон хүмүүс ард олноо ноёрхдог. Ихэс дээдэс нь тэднийг эрхэндээ байлгадгийг та нар мэднэ. 43Харин та нарын дунд тийм юм байж болохгүй. Хэн та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр хүн та нарын зарц болог. 44Мөн хэн та нарын дунд тэргүүнд байхыг хүснэ, тэр хүн бүгдийн боол болог. 45Учир нь Хүний Хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд, мөн Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн юм гэж айлдлаа.
46Тэд Иериход ирэв. Есүс Өөрийн шавь нар болоод олон түмний хамт Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв. 47Назарын Есүс явж байгааг тэр дуулаад
-Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв. 48Олон хүн дуугүй бай хэмээн түүнд хатуу хэлсэн боловч тэр харин ч бүр
-Давидын хүү, намайг өршөөгөөч гэж улам их хашхирсаар байв. 49Есүс зогсон
-Түүнийг нааш дууд гэлээ. Тэд сохор эрийг дуудаж, түүнд
-Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв. 50Тэр гадуур хувцсаа тайлж хаяад үсрэн босож, Есүс уруу очив. 51Есүс түүнд
-Чиний төлөө юу хийж өгөхийг чи Надаас хүсэж байна вэ? гэхэд, сохор эр Түүнд
-Рабуни (Багш гэсэн утгатай), би дахин хараатай болмоор байна гэжээ. 52Есүс түүнд
-Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэж айлдахад өнөөх хүн тэр даруй дахин хараа орж, замаар Есүсийг дагалаа.