13 1Есүсийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг нь
-Багш аа, хараач, ямар том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ? гэхэд 2Есүс түүнд
-Чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Нэг ч чулуу нөгөө чулуун дээр давхарлагдаж үлдэхгүй. Бүгд нурах болно гэв.
3Сүмийн эсрэг талд байдаг Чидун уулан дээр Есүсийг сууж байхад нь Петр, Иаков, Иохан, Андрей нар тусгайлан, Түүнээс асууж
4-Хэзээ тийм юм болох юм бэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч хэмээв. 5Есүс тэдэнд
-Та нарыг хэн ч төөрүүлэхгүйн тулд та нар болгоомжлогтун. 6Олон хүн Миний нэрээр ирж, “Би бол Тэр” гэж хэлээд олон хүнийг төөрөлдүүлнэ. 7Та нар дайн болон дайн дажны сураг чимээ сонсвол, бүү ай. Тэдгээр нь болох ёстой юм. Харин энэ нь хараахан төгсгөл бишээ. 8Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно. Олон газар хөдлөлтүүд болно. Бас өлсгөлөнгүүд болно. Эдгээр нь төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм. 9Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болон захирагчид, хаадын өмнө зогсох болно. 10Эхлээд сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой. 11Тэд та нарыг барьж, тушаах үед юу хэлэх тухайд урьдаас бүү санаа зов. Харин тэр цагт та нарт юу өгөгдөнө, түүнийг хэл. Яагаад гэвэл яригч нь та нар биш, харин Ариун Сүнс юм. 12Ах нь дүүгээ, эцэг нь хүүхдээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхээ эсэргүүцэн босож, тэднийг ална. 13Та нарыг Миний нэрийн төлөө бүгд үзэн ядах болно. Харин эцсийг хүртэл тэвчсэн хүн аврагдах болно.
14Харин та нар жигшүүрийн бузар юм нь байх ёсгүй газар байхыг харвал (уншигч нь ойлгог), тэр үед Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг. 15Байшингийн дээвэр дээр байгаа нь бүү бууг, эсвэл гэрээсээ ямар нэгэн юм авахаар бүү орог. 16Талбайд байгаа нь хувцсаа авахаар бүү буцаг. 17Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! 18Гэвч энэ нь өвөл тохиолдохгүйн тулд залбирагтун. 19Юу гэвэл тэр өдрүүд нь Бурханы бүтээсэн бүтээлийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн дахиж хэзээ ч болохгүй тийм гай гамшгийн үе байх болно. 20Хэрэв Эзэн тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин Тэр сонгосон хүмүүсийнхээ төлөө тэр өдрүүдийг богиносгосон юм. 21Хэрэв хэн нэгэн та нарт “Харагтун, Христ энд байна”, эсвэл “Хараач, Тэр тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. 22Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг төөрөлдүүлэхийн тулд тэмдгүүд болон гайхамшгуудыг харуулах болно. 23Харин болгоомжлогтун. Үзэгтүн. Би та нарт бүхнийг урьдаас хэлсэн.
24Харин тэр өдрүүдэд тэрхүү гай гамшгийн дараа нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, 25одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно. 26Тэгэхэд Хүний Хүү агуу сүр хүч, алдрын хамт үүлэн дунд ирэхийг тэд харна. 27Дараа нь Тэр тэнгэр элч нарыг илгээж, Өөрийн сонгогдогсдыг дэлхийн хамгийн хязгаараас тэнгэрийн хаяа хүртэл дөрвөн салхинаас цуглуулна.
28Одоо инжрийн модноос сургаалт зүйрлэлийг сурч ав. Инжрийн модны мөчир хэдийн зөөлөрч, навчис гаргах үед зун ойртжээ гэдгийг та нар мэддэг. 29Түүнчлэн энэ бүхэн тохиолдохыг хараад, Түүний ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг та нар бас мэддэг. 30Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүгд болохоос өмнө энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. 31Тэнгэр, газар өнгөрөн одох боловч, Миний үгс өнгөрөхгүй. 32Харин тэр өдөр, цагийг хэн ч мэдэхгүй. Тэнгэр дэх тэнгэр элч нар ч, Хүү ч мэдэхгүй. Харин ганцхан Эцэг мэднэ.
33Анхаар, сонор сэрэмжтэй байгтун. Учир нь тэрхүү товлосон цаг хэзээ байхыг та нар мэдэхгүй. 34Энэ нь гэрээ орхиж, боолууддаа үүрэг өгч, хүн бүрд хийх ажлыг нь оноож, мөн хаалгачдаа сэрэмжтэй байхыг тушаагаад аянд явж буй хүнтэй адил юм. 35Тиймээс сонор сэрэмжтэй байгтун. Учир нь гэрийн эзэн орой юм уу, эсвэл шөнө дунд, эсвэл тахиа донгодоход, эсвэл өглөө, хэзээ ирэхийг та нар мэдэхгүй. 36Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байхыг чинь харах вий. 37Би та нарт хэлж байгаагаа бүгдэд хэлж байна. “Сонор сэрэмжтэй байгтун” хэмээн айлдав.