7 1Иеремиад ЭЗЭНээс ирж, айлдсан үг нь 2“ЭЗЭНий гэрийн дааман хаалганы дэргэд зогсож, тэнд энэ үгийг тунхаглан хэлэхдээ “ЭЗЭНд мөргөхөөр энэ дааман хаалгаар орж ирэгч Иудагийнхан бүгд ЭЗЭНий үгийг сонсоцгоо” гээрэй”. 3Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж хэлж байна. “Өөрсдийн зам болон үйлсээ залруул. Тэгээд Би та нарыг энэ газарт оршин суулгах болно. 4“Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм” гэх хуурамч үгэнд бүү итгэ. 5Учир нь хэрэв та нар замаа болон үйлсээ үнэхээр залруулбал, хэрэв та нар хүн болон хөршийнх нь хооронд үнэхээр шударга ёсыг хэрэгжүүлбэл, 6та нар харийнхныг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу өөрсдийн сүйрэл уруугаа явахгүй бол 7та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутагт буюу энэ газарт Би та нарыг оршин суулгана. 8Үзэгтүн, та нар ямар ч хэрэггүй хуурамч үгэнд найдаж байна. 9Та нар хулгай хийж, алж, завхайран, хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад, 10дараа нь ирж, Миний нэрээр нэрлэгддэг энэ өргөөнд Миний өмнө зогсоод, эдгээр бүх жигшүүрт зүйлсийг хийхийн тулд “Бид аврагдсан билээ!” гэж хэлэх нь үү? 11Миний нэрээр нэрлэгддэг энэ өргөө та нарын нүдэнд дээрэмчдийн үүр болсон уу? Үзэгтүн, Би, Би хүртэл харсан юм гэж ЭЗЭН тунхаглаж байна. 12“Би нэрээ эхэнд оршоосон Шилод байсан Миний газар уруу одоо очиж, Миний ард түмэн Израилийн хорон муу явдлаас болж Миний түүнд юу хийснийг хар. 13Эдүгээ та нар эдгээр бүх зүйлсийг үйлдсэн тул” гэж ЭЗЭН ингэж тунхаглаж байна, “Мөн эрт босож ярин Би та нарт хэлсэн боловч та нар сонсоогүй, Би та нарыг дуудсан боловч та нар хариулаагүй тул, 14тиймээс та нарын итгэдэг, Миний нэрээр нэрлэгддэг өргөөд болон та нарт болон та нарын эцэг өвгөдөд Миний өгсөн газарт Би Шилод үйлдсэн шигээ үйлдэнэ. 15Та нарын бүх ах дүүс болох Ефраимын бүх үр удмыг гарган хаясан шигээ Би та нарыг Өөрийн мэлмийнээс гарган хаяна. 16Чиний хувьд, энэ ард түмний төлөө бүү залбир, тэдний төлөө хашхиралт, залбирлыг бүү өргө. Надад зуучлан бүү залбир. Учир нь Би чамайг сонсохгүй. 17Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжинд юу хийж байгааг нь чи харахгүй байна уу? 18Хүүхдүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхийн тулд зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг асгадаг. 19Тэд Намайг уурлуулдаг уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд өөрсдийгөө шившиглэн, өөрсдийгөө уурлуулж байгаа биш үү?” 20Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Миний уур ба хилэн энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй”. 21Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шатаалт тахилуудаа өргөлүүд дээрээ нэмж, мах ид. 22Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гаргасан өдөр тэдэнд шатаалт тахил болон өргөлүүдийн талаар хэлээгүй, эсвэл тушаагаагүй юм. 23Харин Миний тэдэнд тушаан хэлсэн нь энэ юм. “Миний дуу хоолойг дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар Миний хүмүүс болно. Та нар сайн байхын тулд Миний та нарт тушаасан бүх замаар алхах болно”. 24Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин өөрсдийн бузар муу зүрхний зөвлөгөө ба зөрүүд байдал дотор урагшаа бус, хойшоо явав. 25Та нарын эцэг өвгөд Египетийн нутгаас гарч ирсэн тэр өдрөөс хойш өнөөг хүртэл Би та нарт Өөрийн бүх зарц нар болох эш үзүүлэгчдийг илгээн, өдөр бүр эрт босож илгээсэн билээ. 26Гэтэл тэд Намайг сонсоогүй, чихээ тавиагүй, харин хүзүүгээ хатууруулав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү бузар мууг үйлджээ. 27Чи эдгээр бүх үгсийг тэдэнд хэлэх боловч тэд чамайг сонсохгүй. Чи тэднийг дуудах боловч тэд чамд хариулахгүй. 28Чи тэдэнд “Энэ бол өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.
29Үсээ тайрч хаяад,
нүцгэн дов толгод дээр гашууд.
Учир нь ЭЗЭН Өөрийн уур хилэнгийн үе удмыг голж, орхисон”. 30“Учир нь Иудагийн хөвгүүд Миний мэлмийд бузар мууг үйлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Миний нэрээр нэрлэгддэг гэрт түүнийг бузарлахын тулд тэд өөрсдийн жигшүүрт зүйлсээ тавьсан билээ. 31Тэд өөрсдийн охид, хөвгүүдийг галд шатаахаар Хинномын хөвгүүний хөндийд буй Тофетын мөргөлийн өндөрлөгүүдийг барив. Би үүнийг тушаагаагүй бөгөөд энэ нь Миний санаанд орсонгүй юм. 32Тиймээс үзэгтүн, энэ нь Тофет, эсвэл Хинномын хөвгүүний хөндий гэж дахин нэрлэгдэхгүй, харин Хядлагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна. Учир нь газар байхгүй тул тэд Тофетэд булшлах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 33“Энэ хүмүүсийн хүүрүүд тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдын идэш болно. Тэднийг хэн ч үргээхгүй. 34Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг, мөн сүйт залуу болон сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь газар нутаг нуранги болно”.