11

1ЭЗЭНээс Иеремиад ирсэн үг айлдахдаа 2“Энэ гэрээний үгийг сонсож, Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдад хэл. 3Тэдэнд “Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ гэрээний үгийг үл дагагч хүн хараагдах болтугай. 4Үүнийг Би та нарын эцэг өвгөдөд, тэднийг Египетийн нутгаас, төмөр хайлуулагч зуухнаас гарган авчирсан тэр өдөр “Миний дуу хоолойг сонсож, Миний та нарт тушаах бүгдийн дагуу үйлд. Ингээд та нар Миний ард түмэн болж, Би та нарын Бурхан болно” гэж тушаасан нь 5өнөөдрийнх шиг эцэг өвгөдөд чинь сүү болон балаар бялхсан газар нутгийг өгнө гэж Өөрийн тангарагласан тангаргаа батлахын тулд юм” хэмээв” гэж хэл” гэжээ. Тэгэхэд би “Амен, ЭЗЭН” гэв.
6ЭЗЭН надад “Эдгээр бүх үгсийг Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжнуудад тунхаглан, “Энэ гэрээний үгсийг сонсож, тэднийг үйлд. 7Учир нь Би Египетийн нутгаас гарган авчирсан тэр өдөрт нь өнөөг хүртэл цөхрөлтгүй анхааруулсаар та нарын эцэг өвгөдөд чин сэтгэлээс сануулан, “Миний дуу хоолойг сонс” гэж айлдав. 8Гэтэл тэд дагаагүй бөгөөд чихээ тавьж сонсоогүй, харин хүн нэг бүр өөрийн бузар муу зүрхний гөжүүд зангаар явсан юм. Тиймээс хий гэж Миний тушаасан энэ гэрээний бүх үгсийг Би тэдэнд авчирсан, гэвч тэд үйлдсэнгүй” гэж хэл”” хэмээн айлдав.
9Тэгээд ЭЗЭН надад “Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдын дунд хуйвалдаан илэрлээ. 10Миний үгсийг сонсохоос татгалзсан өвөг дээдсийнхээ гэм буруу уруу тэд буцан эргэж, өөр бурхдад үйлчлэхээр тэдний араас явав. Тэдний эцэг өвгөдтэй Миний байгуулсан Миний гэрээг Израилийн болон Иудагийн гэр зөрчжээ” гэж айлдав. 11Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, тэдний зугтаж чадахааргүй гамшгийг Би тэдний дээр авчирч байна. Тэднийг Над уруу хашхирсан ч, Би тэднийг сонсохгүй. 12Тэгэхэд Иудагийн хотууд болон Иерусалимын оршин суугчид явж, өөрсдийн утлага уугиулдаг бурхад уруугаа хашхирах боловч тэд тэднийг гай гамшгийнх нь үед үнэхээр аврахгүй. 13Учир нь, Өө Иуда, чиний бурхад чиний хотууд шиг олон юм. Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Иерусалимын гудамжнууд шиг олон юм.
14Тийм учраас энэ хүмүүсийн төлөө бүү залбир, тэдний төлөө хашхирах дуу, эсвэл залбирлыг ч бүү өргө. Тэдний гамшгаас болж тэд Намайг дуудахад Би сонсохгүй.
15Миний хайрт олон бузар муу үйлс хийчихээд Миний гэрт ямар эрхтэй билээ?
Өргөлийн мах та нарыг гамшгаас чинь ангижруулж чадах уу?
Ингэснээр та нар баярлах уу?
16ЭЗЭН нэрийг чинь “Үзэсгэлэнт хэлбэртэй, жимстэй ногоон чидун мод” гэж дуудав.
Их нүжигнэсэн дуу чимээгээр Тэрээр түүн дээр гал ноцоов.
Тэгээд түүний мөчрүүд хэрэггүй болжээ. 17Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулахаар Израиль болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түмэн цэргийн ЭЗЭН чиний эсрэг бузар мууг тунхаглажээ.

18Үүнээс гадна, ЭЗЭН надад үүнийг мэдүүлж, би мэдсэн юм.
Тэгээд Та надад тэдний үйлсийг харуулсан билээ.
19Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв.
Тэд “Түүний нэрийг дахин дурсуулахгүйн тулд модыг үр жимстэй нь хамт устгаж,
түүнийг амьдрагсдын нутгаас тасалъя” гэж
миний эсрэг хуйвалдаан зохиосныг би мэдээгүй байлаа.
20Харин зөв шударгаар шүүдэг,
зүрх сэтгэлийг сорьдог түмэн цэргийн ЭЗЭН,
тэднээс Таны өшөө авахыг надад харуулаач.
Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.
21Тийм учраас “Бидний гарт үхэхгүйн тулд ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл” гэж хэлэн чиний амийг эрж буй Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. 22Тиймээс түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно. 23Тэдэнд амьд үлдэгсэд үлдэхгүй. Учир нь Би Анатотын хүмүүс дээр гамшгийг буюу тэдний шийтгэлийн жилийг авчирна.