6 1Бениамины хөвгүүд ээ,
аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт.
Текоад бүрээ үлээж,
Бет-хакеремын дээгүүр дохио өргө.
Учир нь бузар муу зүйл болон агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.
2Дур булаам, хөөрхөн нэгэн болох Сионы охиныг Би устгах болно.
3Хоньчид болон хонин сүргүүд нь түүн уруу ирж,
түүний эргэн тойронд майхнууд босгож,
өөр өөрсдийн газарт бэлчээрлүүлнэ.
4Түүний эсрэг дайнд бэлтгэ.
Босоцгоо, жин үдэд довтолцгооё.
Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байгаа тул бид гаслантай яа!
5Босоцгоо, шөнөөр довтолж, түүний ордонг сүйтгэцгээе!
6Учир нь түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Түүний моддыг огтолж, Иерусалимыг бүсэл.
Дунд нь зөвхөн дарлал байдаг энэ хот шийтгэгдэх ёстой юм.
7Худаг усаа цэвэр байлгадгийн адил тэрээр өөрийн хорон муу явдлаа шинэхэн байлгадаг.
Хүчирхийлэл болон сүйрэл түүний дотор сонсогддог.
Өвчин болон шархнууд Миний өмнө ч байна.
8Иерусалим аа, сэрэмжтэй бай,
эс тэгвэл Би чамаас хөндийрөн,
чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно”.
9Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Тэд Израилийн үлдэгсдийг усан үзмийн модыг мэт гүйцэд түүх болно.
Усан үзэм түүгч мэт гараа мөчрүүдийн дээр дахин тавь”.
10Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ?
Үзэгтүн, тэдний чих таглагдсан бөгөөд тэд сонсож чадахгүй.
Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдэнд зэмлэл болов.
Тэд түүнийг таашаасангүй.
11Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч,
үүнийгээ барьсаар сульдаж байна.
“Гудамжин дахь хүүхдүүд дээр болон залуучуудын цугларалт дээр асга.
Учир нь настай болон хөгшин эхнэр нөхөр хоёулаа авагдах болно.
12Тэдний гэрүүд, мөн талбайнууд болон эхнэрүүд нь хамтдаа бусдад очно.
Учир нь Би энэ газрын оршин суугчдын эсрэг мутраа сунгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
13“Учир нь тэд багаасаа том хүртэл бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд
эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна.
14Тэд “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн
Миний ард түмний хугарлыг хуурамчаар эдгээв.
Гэвч амар амгалан нь үгүй.
15Тэд өөрсдийн үйлдсэн жигшүүрээсээ болж ичсэн үү?
Тэд харин ч огт ичсэнгүй.
Тэд яаж улайхыг ч хүртэл мэдэхгүй байв.
Тиймээс тэд унагсдын дунд унана.
Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
16ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Замууд дээр зогсож, хар.
Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх.
Та нар сэтгэлдээ зориулан амралтыг олох болно.
Харин тэд “Бид алхахгүй” гэсэн юм.
17Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв.
Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн юм.
18Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ.
Чуулган аа, тэдний дунд юу байгааг мэдэгтүн.
19Газар дэлхий, сонсогтун.
Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна.
Учир нь тэд Миний үгсийг сонсоогүй бөгөөд
Миний хуулийг ч бас эсэргүүцсэн билээ.
20Над уруу Шебагаас гүгэл,
алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ?
Чиний шатаалт тахилууд зохисгүй бөгөөд
чиний өргөлүүд Надад тааламжтай биш байна.
21Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, Би эдгээр хүмүүсийн өмнө бүдрүүлэх чулуу тавьж байна.
Тэгээд тэд буюу эцгүүд хүүхдүүдтэй хамтдаа түүнд бүдэрнэ.
Хөршүүд болон найзууд сүйрнэ”.
22ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, хойд зүгийн нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд
нэгэн агуу том үндэстэн газар дэлхийн алс хэсгүүдээс босож ирэх болно.
23Тэд нум, жад агсах агаад
хэрцгий, өршөөлгүй.
Тэдний дуу хоолой тэнгис мэт хүнгэнэдэг.
Сионы охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эр мэт тэд морьдоо унадаг.
24Бид энэ тухай мэдээг сонссон билээ.
Бидний гар сул дорой байна.
Бид зовлонд буюу хүүхэд төрүүлж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.
25Хээр тал уруу бүү гар, замаар бүү яв.
Учир нь дайсанд илд байгаа бөгөөд
тал бүрд айдас байна.
26Миний ард түмний охин оо, таар өмсөж, үнсэн дотор өнхөр.
Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд.
Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.
27Би чамайг Өөрийн ард түмний дунд шинжлэгч болон хянагч болгосон нь
чи тэдний замыг мэдэж шинжихийн тулд юм”.
28Тэд бүгд хов зөөгч мэт байцгаадаг гөжүүдлэн эсэргүүцэгчид.
Хүрэл ба төмөр.
Тэд бүгдээрээ завхарсан.
29Тулман хөөргөөр ширүүн үлээж, хар тугалга шатаж байна.о
Гэвч цэвэршүүлэлт үр дүнгүй явагдлаа, хорон муу хүмүүс тусгаарлагдаагүй.
30ЭЗЭН тэднийг голсон тул тэднийг гологдсон мөнгө гэдэг.