521Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эх нь Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг нэртэй байв. 2Тэрээр Иехоиакимын үйлдсэн бүхэн шиг ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ. 3Учир нь тэднийг Өөрийн оршихуйгаас зайлуултал энэ бүхэн нь ЭЗЭНий уураар дамжуулан Иерусалим болон Иудад тохиолдов. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэв. 4Түүний хаанчлалын ес дэх жилийн аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар болон түүний цэргүүд Иерусалимын эсрэг ирж, түүний харалдаа буудаллан, түүний бүх эргэн тойронд бүслэлтийн хэрэм босгов. 5Ийнхүү Зедекиа хааны арван нэг дэх жил хүртэл хот бүслэлтэнд байв. 6Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүссэн бөгөөд газар нутгийн ард түмэнд хоол байхгүй байв. 7Тэгээд хот цөмлөгдөж, хэдийгээр халдеичууд хотын эргэн тойронд байсан ч гэсэн бүх дайчид зугтаж, хааны цэцэрлэгийн хажуу дахь хоёр хэрмийн хоорондох дааман хаалганы замаар дамжин шөнө хотоос гарч явав. Тэд Арабагийн замаар явжээ. 8Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэхэд, түүний бүх цэргүүд нь түүнээс тарж сарнив. 9Тэгээд тэд хааныг олзолж, Хаматын нутаг дахь Риблад Вавилоны хаан уруу аваачсан бөгөөд тэрээр түүнийг яллажээ. 10Вавилоны хаан Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алсан бөгөөд Иудагийн бүх түшмэдийг Риблад хяджээ. 11Дараа нь тэрээр Зедекиагийн нүдийг сохлов. Вавилоны хаан түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлж, Вавилонд аваачиж, үхлийн өдөр хүртэл нь түүнийг шоронд хийв.
12Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны үйлчлэлд байсан харуулын ахмад Небузарадан Иерусалимд ирэв. 13Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх гэрүүдийг шатаав. Том байшин бүрийг тэрээр галдан шатаасан юм. 14Ингээд харуулын ахмадтай хамт халдеичуудын бүх цэргүүд Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмүүдийг нураав. 15Дараа нь харуулын ахмад Небузарадан ард түмнээс хамгийн ядуу зарим хүмүүсийг, хотод үлдсэн сүүлчийн хүмүүсийг, Вавилоны хаан уруу оргосон оргодлыг болон гарын уртай хүмүүсээс үлдэснийг цөллөгт авч явжээ. 16Харин харуулын ахмад Небузарадан газрын хамгийн ядуу хүмүүсээс заримыг нь газар хагалагч болон усан үзмийн цэцэрлэгчээр үлдээв.
17ЭЗЭНий өргөөнд харьяалагдаж байсан хүрэл багананууд, мөн ЭЗЭНий өргөөнд байсан тавиурууд болон хүрэл тэнгисийг халдеичууд хэсэг болгон эвдэлж, бүх хүрлийг нь Вавилон уруу авч явав. 18Тэд бас тогоонууд, утгуурууд, чимхүүрүүд, угаагуурууд, хайруулууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савнуудыг авч явжээ. 19Харуулын ахмад бас цэвэр алт болон мөнгөөр хийгдсэн хулнууд, галын хоргууд, угаагуурууд, тогоонууд, дэнлүүний тавиурууд, хайруулууд болон ундаан өргөлийн хулнуудыг авч явсан. 20ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг тэнгис, тэнгисийн доор байсан арван хоёр хүрэл бухнууд болон тавиурууд зэрэг эдгээр бүх сав суулгуудын хүрэл нь хэмжээлшгүй их байв. 21Багануудын хувьд, багана нэг бүрийн өндөр нь арван найман тохой бөгөөд тойрог нь арван хоёр тохой, зузаан нь дөрвөн хуруу, хөндий байв. 22Түүний дээр баганын хүрэл орой байв. Толгой бүрийн өндөр нь таван тохой байсан бөгөөд дээр нь тойруулаад, бүгд хүрлээр хийгдсэн тор болон сэмбэрүү цэцгүүд байв. Хоёр дахь багана ч үүний адил, мөн сэмбэрүү цэцгүүдтэй байв. 23Ерэн есөн сэмбэрүү цэцэг нь харагдаж байв. Торон дээр тойруулаад бүх сэмбэрүү цэцэг нь зуу байв.
24Дараа нь харуулын ахмад нь тэргүүн тахилч Сераиа болон дэд тахилч Зефаниаг сүмийн гурван түшмэдийн хамт авч явав. 25Тэрээр бас дайчдыг хариуцагч нэг түшмэлийг, хотоос олдсон хааны зөвлөхүүдээс долоон хүнийг, газар нутгийн хүмүүсийг зарлан дуудсан цэргийн даргын гүүшийг болон хотын дундаас олдсон тэр нутгийн жаран хүнийг хотоос авч явжээ. 26Харуулын ахмад Небузарадан тэднийг авч яван, Вавилоны хаан уруу Риблад аваачив. 27Тэгтэл Вавилоны хаан тэднийг цохиж, Хаматын нутагт Риблад тэднийг алжээ. Ийнхүү Иуда өөрийн нутгаас цөллөгт хөөгдлөө.
28Эдгээр нь Небухаднезарын цөллөгт авч явсан хүмүүс юм. Долоо дахь жилд гурван мянга хорин гурван иудейчүүд, 29Небухаднезарын арван найм дахь жилд Иерусалимаас найман зуун гучин хоёр хүн, 30Небухаднезарын хорин гурав дахь жилд харуулын ахмад Небузарадан долоон зуун дөчин таван иудей хүнийг цөллөгт авч явав. Бүгд дөрвөн мянга зургаан зуун хүн байв.
31Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долоо дахь жилд, арван хоёрдугаар сарын хорин таванд Вавилоны хаан Евил-меродах хаанчлалынхаа жилд Иудагийн хаан Иехоиахинд ивээлээ үзүүлж, түүнийг гяндангаас гаргав. 32Дараа нь тэрээр түүнтэй эелдгээр ярин, Вавилонд өөртэй нь хамт байсан бүх хаадын сэнтийнээс дээгүүр түүний сэнтийг тавив. 33Ийнхүү Иехоиахин гяндангийн хувцсаа сольж, амьдралынхаа бүхий л өдрүүдийн туршид хааны өмнө тогтмол зооглов. 34Учир нь түүний тэтгэмж буюу тогтмол тэтгэмж түүнд Вавилоны хаанаар үхэх өдрийг нь хүртэл амьдралынх нь бүхий л өдрүүдийн турш өдөр бүрийн хувь болгон өгөгддөг байжээ.