5 1“Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, тэгээд харж ажигла.
Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг нэг хүнийг чи олох гэж нээлттэй талбайнуудаар хай.
Олбол Би тэр хотыг өршөөнө.
2Тэд хэдийгээр “ЭЗЭНий амьд буйгаар тангараглая” гэдэг ч үнэндээ тэд хуурамчаар тангарагладаг.
3Өө, ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу?
Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй.
Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан.
Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан юм.
4Тэгэхэд Би “Тэд зөвхөн ядуус, тэд мунхаг.
Учир нь тэд ЭЗЭНий зам, өөрсдийн Бурханы тогтоолыг мэдэхгүй.
5Би удирдагч нар дээр очиж, тэдэнтэй ярина.
Учир нь тэд ЭЗЭНий зам, өөрсдийн Бурханы тогтоолыг мэддэг” гэж хэлэв.
Гэвч тэд ч мөн адил нэгэн санаагаар буулгыг эвдэж, холбоосоо тасалсан.
6Тийм учраас ойн арслан тэднийг алж,
цөлийн чоно тэднийг устгана.
Ирвэс хотуудыг нь харж байна.
Хотоос гарах хүн бүр тастуулах болно.
Учир нь тэдний нүглүүд их,
тэдний итгэлээс няцах явдлууд тоолшгүй олон ажээ.
7Би чамайг яагаад уучлах ёстой билээ?
Чиний хүүхдүүд Намайг орхиж, бурхад биш болох тэдгээрээр тангарагласан шүү дээ.
Би тэднийг цадтал хооллоход тэд завхайрч, янхны гэрт бөөнөөрөө цуглацгаасан билээ.
8Тэд нэг бүр нь хөршийнхөө эхнэрийн хойноос янцгаах тарган цатгалан цоглог морьд байсан юм.
9Би эдгээрийг үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?
10Усан үзмийн эгнээгээр явж сүйтгэ, гэхдээ бүрмөсөн бүү устга.
Түүний мөчрүүдийг ховхол, учир нь тэд ЭЗЭНийх биш юм.
11Учир нь Израилийн гэр болон Иудагийн гэр Надад маш итгэлгүй хандав гэж ЭЗЭН тунхаглаж байна.
12Тэд ЭЗЭНий тухай худал хэлж,
“Энэ нь Тэр биш. Золгүй явдал бидэн дээр ирэхгүй. Бид өлсгөлөн, эсвэл илдийг үзэхгүй.
13Эш үзүүлэгчид салхи мэт бөгөөд тэдний дотор үг алга.
Ийнхүү тэдэнд ийн үйлдэгдэх болно гэдэг.
14Тиймээс түмэн цэргийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Чи энэ үгийг хэлсэн тул
үзэгтүн, Би чиний аманд Өөрийн үгсээ гал, энэ хүмүүсийг түлээ болгож, тэднийг шатаах болно.
15Үзэгтүн, Би алс холоос чиний эсрэг нэгэн үндэстнийг авчирч байна, Израилийн гэр ээ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Энэ нь тэсвэртэй үндэстэн, эртний үндэстэн. Хэлийг нь чи үл мэдэх үндэстэн. Тэдний юу хэлж байгааг нь ч чи ойлгож чадахгүй.
16Тэдний саадаг нь онгорхой булш мэт бөгөөд тэд бүгд хүчирхэг хүмүүс юм.
17Тэд чиний ургац болон хоол хүнсийг залгина.
Тэд чиний хөвгүүд болон охидыг залгина.
Тэд чиний хонин сүрэг болон үхэр сүргийг залгина.
Тэд чиний усан үзэм болон инжрийн моддыг залгина.
Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.
18“Гэтэл тэдгээр өдрүүдэд ч хүртэл Би чамайг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 19Тэд “Яагаад бидний Бурхан ЭЗЭН бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, өөрсдийн нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн бус нутагт харийнханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.
20Үүнийг Иаковын гэрт зарлаж, Иудад үүнийг тунхаглан,
21“Нүдтэй боловч хардаггүй,
чихтэй боловч сонсдоггүй,
мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.
22Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Та нар Миний өмнө чичирдэг биш үү?
Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд түүнд хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ.
Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй.
Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.
23Харин энэ ард түмэн зөрүүд, тэрслэгч зүрхтэй юм.
Тэд хажуу тийш эргэж, холдов.
24Тэд зүрх сэтгэлдээ “Намрын болон хаврын бороог хоёуланг нь улиралд нь өгдөг, бидэнд зориулан ургацын тогтоогдсон долоо хоногуудыг хадгалдаг ЭЗЭН Бурханаасаа одоо эмээцгээе” гэдэггүй.
25Та нарын гэм буруу эдгээрийг эргүүлсэн бөгөөд
та нарын нүгэл өөрсдөөс чинь сайныг нуув.
26Учир нь Миний ард түмний дундаас хорон муу хүмүүс олдсон бөгөөд
тэд хүлээж хэвтдэг шувуу баригчид шиг хардаг.
Тэд урхи тавьж, тэд хүмүүсийг барьдаг.
27Шувуудаар дүүрэн тортой адил тэдний гэр заль мэхээр дүүрэн.
Тийм учраас тэд хүчтэй, баян болжээ.
28Тэд тарган бөгөөд дэгжин.
Тэд бас хорон муу үйлсэд гаргууд.
Өөрсдөө өсөж цэцэглэхийн тулд тэд өнчний хэргийг өмгөөлдөггүй, ядуусын эрхийг ч хамгаалдаггүй.
29Эдгээрийг Би шийтгэхгүй байх гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?” гэж хэл.
30Энэ нутагт аймшигт муухай зүйлс тохиолдов.
31Эш үзүүлэгчид хуурамчаар эш үзүүлж, тахилч нар өөрсдийн эрх мэдлээр удирддаг.
Миний ард түмэн үүнд маш дуртай байх юм!
Харин үүний төгсгөлд та нар яах юм бэ?