1 1Бүх Израилийг цөлд Иорданы дорнод этгээдэд, Суфын эсрэг тал дахь Арабад буюу Паран, Тофел, Лабан, Хазерот, Дизахабын хооронд байхад Мосегийн тэдэнд хандаж хэлсэн үгс энэ болой. 2Хоребоос Сеир уулын замаар Кадеш-барнеа хүрэхэд арван нэгэн хоног явдаг. 3Дөч дэх жилийн арван нэгдүгээр сарын нэгний өдөр Мосе Израилийн хүүхдүүдийн талаар ЭЗЭНээс өөрт нь тушаасан бүхнийг тэдэнд өгүүлжээ. 4Энэ нь Мосе Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштарот болон Едреид сууж байсан Башаны хаан Огийг бут цохисны дараа болсон явдал юм. 5Мосе Иорданы дорнод этгээд дэх Моабын нутагт энэ хуулийг тайлбарлан эхэлж, өгүүлсэн нь
6-Бидний Бурхан ЭЗЭН Хореб ууланд бидэнд айлдахдаа “Та нар энэ ууланд их удаан суулаа. 7Та нар аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг уруу болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмнүүд уруу очиж, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа. 8Харагтун. Би та нарын өмнө тэр нутгийг тавьлаа. ЭЗЭН та нарын өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд болон тэдний үр хүүхдэд өгөхөөр тангарагласан тэр нутагт орж, түүнийг эзэмшицгээ” гэсэн.
9Би тэр үед та нарт хандан “Би та нарыг ганцаараа дааж чадахгүй. 10Та нарын Бурхан ЭЗЭН та нарыг өнөр өтгөн болгосон. Үзэгтүн, энэ өдөр та нар тэнгэрийн одод мэт олон болжээ. 11Та нарын өвөг дээдсийн Бурхан ЭЗЭН та нарыг одоо байгаагаас чинь мянга дахин өсгөж, та нарт амласан ёсоороо та нарыг ерөөх болтугай. 12Харин би ганцаараа та нарын ачаа, хүнд дарамт, та нарын хэрүүл маргааныг яаж үүрч даах юм бэ? 13Овог бүрээсээ мэргэн ухаантай, мэдлэгтэй, нэр хүндтэй хүмүүсийг сонгогтун. Би тэднийг та нарын тэргүүнээр томилъё” гэсэнд 14“Таны хэлсэн ёсоор хийх нь зөв” гэж та нар надад хариулсан. 15Танай овгуудын тэргүүлэгчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, даамлуудыг томилсон.
16Би тэр үед та нарын шүүгчдэд тушааж “Та нар ах дүү нарынхаа хоорондох хэргийг сонсоод, ах дүү нарын хоорондох хэргийг, эсвэл тэдний дундах харийн хүнтэй хамаатай хэргийг зөв шударгаар шүү. 17Шүүх бол Бурханых учир та нар хүнийг шүүхдээ ялгаварлан үзэж болохгүй. Дээдэс, доодсын үгийг нэгэн адил сонсож, хүнээс бүү ай. Өөрсдөө шийдэж чадахгүй хэцүү хэргээ надад авчир. Би түүнийг чинь сонсъё” гэсэн. 18Би та нарын хийх ёстой зүйлсийг тэр үед нь та нарт бүгдийг тушаасан шүү дээ.
19ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан, аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ. 20Тэгэхэд би та нарт “Бидний Бурхан ЭЗЭНий бидэнд өгөх гэж байгаа аморичуудын уулархаг нутагт та нар хүрч ирлээ. 21ЭЗЭН Бурханы чинь өгсөн газар та нарын өмнө байна. Өвөг дээдсийнхээ Бурхан ЭЗЭНий та нарт айлдсан ёсоор явж, түүнийг эзэмшицгээ. Бүү ай. Бүү зүрхшээ” гэж билээ. 22Тэгэхэд та бүхэн над уруу дөхөн ирээд “Бидний өмнөөс тэр газрыг тандаж мэдээд, ямар замаар очих, ямар хот уруу орох тухай хэл мэдээг бидэнд авчрах хүмүүсийг бид өмнөө илгээе” гэж хэлцгээсэн. 23Тэр үг надад таалагдаж, би овог тус бүрээс нэг хүн бүгд арван хоёр хүнийг чинь авсан. 24Тэд тэндээсээ уулархаг нутагт хүрч, улмаар Ешколын хөндийд очиж, түүнийг тандаад, 25тэр нутгийн жимснээс гартаа авч, бидэнд авчрав. Тэд “ЭЗЭН Бурханы маань бидэнд өгөх гэж байгаа тэр нутаг сайхан газар байна” гэсэн мэдээг бидэнд хүргэж авчирсан.
26Гэвч та нар тийш явахаас дургүйцэн, өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлсэн билээ. 27Та нар майхан дотроо гомдоллож “ЭЗЭН биднийг үзэн яддаг учраас биднийг устгахын тулд аморичуудын гарт тушаахаар Египетийн нутгаас авчирсан байна. 28Бид хаашаа явцгаах вэ? Ах дүү нар маань “Хүмүүс нь биднээс аварга том, өндөр, хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй. Түүнээс гадна, бид тэнд анакчуудын хөвгүүдийг харсан” гэж хэлэн бидний зүрхийг мохоосон” гэсэн. 29Тэгэхэд би та нарт “Бүү цочирд, тэднээс бүү ай. 30Та нарын өмнө явдаг ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та нарын төлөө үйлдсэн шигээ та нарын төлөө Өөрөө тэмцэх болно. 31Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг ЭЗЭН Бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл та нарын явсан бүх замын туршид хэрхэн үүрч, дүүрч ирснийг та нар цөлд үзсэн” гэв. 32Гэвч энэ бүхэнд та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ итгэсэнгүй. 33Тэр замд чинь та нарт буудаллах газрыг хайхын тулд, явах ёстой замыг чинь та нарт заахын тулд шөнөөр гал дотор, өдрөөр үүлэн дотор өмнө чинь явдаг.
34Тэгээд ЭЗЭН та нарын үгийг сонсоод, уурлан тангараглаж айлдахдаа 35“Энэ бузар муу үеийнхэн буюу эдгээр хүмүүсийн нэг нь ч та нарын өвөг дээдэст өгөхөөр Миний тангарагласан сайхан газрыг үзэхгүй. 36Харин Иефуннегийн хүү Калеб ЭЗЭНийг бүрэн дагасны учир тэр газрыг үзэх болно. Түүний гишгэсэн газрыг нь Би түүнд болон түүний хөвгүүдэд өгнө” гэв. 37ЭЗЭН та нараас болж надад ч бас уурласан учраас “Чи ч бас тийшээ орох ёсгүй. 38Харин чамд үйлчилдэг, Нуны хүү Иошуа тийшээ орно. Иошуа тэр газрыг Израильд өвлүүлэх учраас түүнийг зоригжуулагтун. 39Үүнээс гадна, олзлогдогсод болно хэмээн та нарын хэлж байсан балчир хүүхдүүд чинь, мөн энэ өдөр сайн мууг ялгаж чадахгүй хөвгүүд чинь тийшээ орох болно. Би тэдэнд тэр газрыг өгч, тэд түүнийг эзэмшинэ. 40Харин та нар буцаад, Улаан тэнгис хүрэх замын дагуух цөл уруу хөдөлцгөө” гэсэн.
41Та нар “Бид ЭЗЭНий эсрэг нүгэл хийсэн. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий бидэнд тушаасан ёсоор явж, тулалдацгаая” гэж надад хариу хэлээд бүх эрчүүд чинь дайтах зэвсгээ агсаж, уулархаг нутаг өөд явж орохыг хялбар хэмээн санасан. 42ЭЗЭН надад “”Би та нарын дунд байхгүй учир бүү яв, бүү дайт. Та нар дайсныхаа өмнө ялагдах вий” гэж тэдэнд хэл” хэмээсэн. 43Би та нарт хэлсэн боловч та нар сонсолгүй ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлж, давлиун зан гарган уулархаг нутаг өөд хөдөлцгөөсөн билээ. 44Тэр уулархаг нутагт амьдарч байсан аморичууд та нарын эсрэг хөдлөн, та нарыг сүрэг зөгий мэт үлдэн хөөж, Сеир уулаас Хорма хүртэл бут цохисон билээ. 45Та нар эргэж ирээд, ЭЗЭНий өмнө уйлцгаасан боловч ЭЗЭН та нарын дуу хоолойг сонсоогүй, та нарт чих тавиа ч үгүй. 46Тэгээд та нар Кадешт олон хоног суусан. Тэр өдрүүдийн тоогоор тэнд суусан билээ.