24 1Хэрэв хэн нэгэн хүн эхнэр авч гэрлэснийхээ дараа түүнд ичгүүрт зүйл байгааг олж мэдээд, түүнийг таалахаа байвал салалтын гэрчилгээг бичиж, гарт нь өгөөд, түүнийг гэрээсээ явуул. 2Тэр эмэгтэй түүний гэрээс яваад, өөр хүний эхнэр болж, 3хоёр дахь нөхөр нь бас түүнд дургүйцэж салалтын гэрчилгээ бичиж, гарт нь өгөөд гэрээсээ явуулах юм уу, эсвэл түүнийг эхнэрээ болгон авсан хоёр дахь нөхөр нь үхвэл 4тэр эмэгтэй бузартсан учир түүнийг явуулсан анхны нөхөр нь дахин эхнэрээ болгон авч болохгүй. Ингэх нь ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл болно. ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон өгч буй газар нутаг дээр чи нүгэл бүү авчир.
5Саяхан гэрлэсэн хүнийг цэрэгт бүү явуул. Аливаа албанд бүү тат. Тэрээр нэг жил гэртээ чөлөөтэй сууж, авсан эхнэртээ аз жаргал өгөх ёстой.
6Хэн ч гар тээрмийг, эсвэл тээрмийн бул чулууг бүү барьцаанд ав. Энэ нь хүний амийг барьцаалсан хэрэг болно.
7Хэрэв хэн нэгэн нь ах дүү болох Израилийн хөвгүүдээс нэг хүнийг хулгайлж, түүнийгээ боолчлох юм уу, худалдсан нь мэдэгдвэл тэр хулгайчийг ал. Та нар өөрсдийнхөө дотроос тийнхүү бузар мууг арилган зайлуул.
8Чи арьсны халдварт өвчнөөс болгоомжилж, тахилч левичүүдийн та нарт заах бүгдийн дагуу хичээнгүйлэн хий. Миний тэдэнд тушаасанчлан та нар анхааралтай үйлд. 9Та нарыг Египетээс гарч ирэх замд ЭЗЭН Бурхан чинь Мириамыг яасныг санагтун.
10Чи хөршдөө ямар нэгэн юм зээлдүүлэхдээ барьцаа авахаар гэрт нь бүү ор. 11Чи гадаа нь зогсоод, чамаас зээл авсан хүн барьцаагаа өөрөө чамд авчирч өгөх ёстой. 12Хэрэв тэрээр ядуу хүн байвал түүний барьцааг гэртээ бүү хонуул. 13Чи түүний барьцааг нар шингэх үед заавал буцааж өгөх ёстой. Тэгвэл тэр хүн хувцсаа нөмөрч унтаад, чамайг ерөөнө. Энэ чинь ЭЗЭН Бурханы чинь өмнө чиний зөвт байдал болно.
14Чи ядуу зүдүү хөлсний зарцаа ах дүү чинь ч байсан, танай нутагт хотын чинь дотор суудаг харийн хүн ч байсан бүү дарангуйл. 15Чи түүний хөлс мөнгийг өдөрт нь нар шингэхээс өмнө өгч бай. Учир нь тэрээр ядуу бөгөөд сэтгэлдээ хөлсөө тэсэж ядан хүлээж байгаа. Эс тэгвэл тэрээр чамайг ЭЗЭНд мэдүүлж, тэр нь чамд нүгэл болох вий.
16Эцэг нь хүүгээсээ болж цаазлагдах ёсгүй. Хүү нь ч эцгээсээ болж цаазлагдах ёсгүй. Хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө цаазлагдах ёстой.
17Чи харийн хүн юм уу, өнчин хүмүүс дээр шударга ёсыг бүү гажуудуул. Бэлэвсэн эмэгтэйн хувцсыг барьцаанд бүү ав. 18Чи Египетэд боол байснаа, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс зольсныг санаж яв. Тийм учраас үүнийг хийхийг би чамд тушааж байна.
19Чи талбай дахь тариагаа хадаж байхдаа талбайд нэг юүжийг мартсан бол түүнийгээ авахаар бүү буц. Түүнийгээ харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд үлдээ. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараар хийсэн бүхний төлөө чамайг ерөөнө. 20Чи чидун жимсний модоо түншсэний дараа дахин түүний мөчрийг бүү ажигла. Үлдсэн жимсийг харийнхан, өнчид, бэлэвсэн эмэгтэйд үлдээ. 21Чи усан үзмийн цэцэрлэгээс усан үзмээ хураагаад, үлдсэнийг нь дахин түүлгүй, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд үлдээ. 22Чи Египет нутагт боол байснаа сана. Тийм учраас үүнийг хийхийг би чамд тушааж байна.