15 1Долоон жил тутамд жилийн эцсээр чи авлагаа цуцла. 2Цуцлалтыг ингэж хийнэ. Зээлдүүлэгч хүн бүр хөршөөсөө авах авлагаа цуцлах ёстой. Тэр хөршөөсөө, эсвэл ах дүүсээсээ өрөө бүү нэх. Учир нь ЭЗЭНий өршөөлийн жил тунхаглагдсан билээ. 3Харийн хүнээс өрөө нэхэж болно. Харин ах дүүсээсээ авах бүх өрийг цуцал. 4Өнөөдөр миний чамд өгч байгаа энэ бүх тушаалыг сахин мөрдөхийн тулд чи зөвхөн ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дуулгавартай сонсох аваас, 5чиний Бурхан ЭЗЭНий чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй газар дээр ЭЗЭН чамайг үнэнхүү ивээх учир та нарын дунд ядуу хүн байхгүй болно. 6ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо чамайг ивээх болно. Чи олон үндэстнүүдэд зээлдүүлнэ. Харин чи зээлж авахгүй. Чи олон үндэстнүүдийг захирна. Харин чи тэдэнд захирагдахгүй.
7Хэрэв ЭЗЭН Бурхан чинь чамд өгч буй газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах дүүсийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах дүүдээ хатуу зүрх сэтгэл бүү гарга. Түүнээс гараа бүү тат. 8Харин чи түүнд заавал гараа сунгаж, түүний хэрэгтэй бүхнийг нь өгөөмрөөр хангаж, зээлүүл. 9Чи болгоомжтой байж, дотроо хорон муу санаа бүү хадгал. “Өрөө цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд нүгэл болно. 10Чи түүнд өгөөмрөөр өгөх ёстой. Түүнд өглөг өгөхдөө харам сэтгэл бүү гарга. Ингэвэл ЭЗЭН Бурхан чинь чиний бүх ажил үйлс болон гардан хийх бүхний чинь төлөө чамайг ивээх болно. 11Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хэзээ ч тасрахгүй. Тийм учраас би чамд “Өөрийнхөө газар нутаг дээрх үгээгүй, ядуу зүдүү ах дүүстээ чи гараа сунгаж бай” гэж тушааж байна.
12Хэрэв чамтай угсаа нэг еврей эр, эсвэл еврей эм чамд худалдагдаад, зургаан жил чамд зарцлагдсан бол чи түүнийг долоо дахь жилд нь чөлөөлж явуул. 13Түүнийг чи чөлөөлөхдөө гар хоосон бүү явуул. 14Түүнд мал сүргээсээ, үтрэмээсээ, усан үзэм шахах торхноосоо харамгүй өг. ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээсэн шиг түүнд өг. 15Чи Египетийн нутагт боол байснаа, чиний Бурхан ЭЗЭН чамайг зольсныг санаж яв. Тийм учраас би өнөөдөр чамд үүнийг тушааж байна. 16Хэрэв зарц чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд хайртай учир чамтай хамт байх нь илүү сайн гэж үзээд, чамд хандан ”Би танайхаас явахгүй” гэвэл 17чи шөвөг аваад, түүний чихийг хаалганд нааж байгаад цоол. Тэгвэл тэр үүрд чиний зарц болно. Чи шивэгчинд ч мөн үүнчлэн үйлд. 18Зарц чинь чамд зургаан жилийн турш хөлсний зарцаас хоёр дахин илүүгээр зарцлагдсан учраас чи түүнийг чөлөөлөхийг хэцүү гэж бүү бод. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний үйлдэх аливаа үйлсэд чамайг ивээнэ.
19Чи өөрийнхөө үхэр, хонины ууган эр төл бүрийг өөрийн Бурхан ЭЗЭНд тусгаарлагтун. Чи үхрийнхээ ууган тугалыг бүү эдэл. Чи хониныхоо ууган хургыг бүү хярга. 20Чи болон гэр бүлийнхэн чинь ЭЗЭНийхээ сонгож авах газарт жил бүр ЭЗЭН Бурханыхаа өмнө түүнийгээ ид. 21Харин тэдгээр нь доголон юм уу, сохор, эсвэл өөр ямар нэгэн согогтой байвал түүнийг ЭЗЭН Бурхандаа зориулан тахил болгон өргөж болохгүй. 22Чи түүнийг хотынхоо дотор ид. Бузартсан ба цэвэр хүний аль нь ч түүнийг зээр, бугын мах мэтээр ид. 23Харин чи цусыг нь бүү ид, түүнийг газарт ус шиг асга.