27 1Мосе болон Израилийн ахмадууд ард түмэнд хандаж тушаасан нь
-Өнөөдөр миний та нарт тушааж байгаа бүх тушаалыг сахь. 2Та нар ЭЗЭН Бурханыхаа чамд өгч буй газар уруу орохоор Иорданыг гатлах өдрөө том чулуунууд босгож, шохойгоор буд. 3Чи Иорданыг гатлах үедээ энэ хуулийн бүх үгсийг тэр чулуунууд дээрээ бич. Тэгвэл өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд амласны дагуу чиний Бурхан ЭЗЭНий чамд өгч буй сүү балаар бялхсан тэр газарт чи орох болно. 4Та нар Иорданыг гаталж гараад, өнөөдөр миний чамд тушааж байгаачлан тэдгээр чулууг Ебал уулан дээр босгоод, шохойгоор буд. 5Тэгээд чи өөрийн Бурхан ЭЗЭНд зориулан чулуугаар тахилын ширээ босго. Түүндээ ямар ч төмөр бүү хүргэ. 6Чи засаагүй чулуугаар ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээг босгож, түүн дээр ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил өргө. 7Мөн эвийн тахил өргөж, тэндээ идэж уун, ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэцгээ. 8Чи тэдгээр чулуунууд дээр энэ хуулийн бүх үгийг маш тодоор бич гэв.
9Тэгээд Мосе тахилч левичүүдтэй хамт бүх Израильд хандан
-Израиль аа, чимээгүй, сонс! Чи өнөөдрөөс ЭЗЭН Бурханыхаа ард түмэн боллоо. 10Тиймээс өөрийн Бурхан ЭЗЭНий үгийг дуулгавартай дагаж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний тушаал зарлигийг мөрд гэв.
11Мосе мөн тэр өдөр ард түмэнд тушаан
12-Та нар Иорданыг гаталж гараад, Симеон, Леви, Иуда, Иссахар, Иосеф, Бениамин овгууд нь ард түмнийг ерөөхөөр Геризим уулан дээр зогсож, 13Реубен, Гад, Ашер, Зебулун, Дан, Нафтали овгууд нь хараал хийхээр Ебал уулан дээр зогсоно. 14Левичүүд бүх Израиль хүмүүст хандан чанга дуугаар 15“Урчуудын сийлсэн, эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг бөгөөд түүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен” гэнэ.
16“Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
17“Хөршийнхөө шавыг хөдөлгөдөг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
18“Сохор хүнийг замаас нь төөрүүлэгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
19“Харийн хүн, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйг хилс шүүгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
20“Эцгийнхээ эхнэртэй унтаж, эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
21“Аливаа мал адгуустай явалдагч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
22“Өөрийн эгч дүү буюу эцгийнхээ, эсвэл эхийнхээ охинтой унтдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
23“Хадам эхтэйгээ унтдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
24“Хөршөө нууцаар алдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
25“Гэмгүй хүнийг алахаар хахууль авагч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
26“Энэ хуулийн бүх үгийг үйлдэн гүйцэтгэдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.