2 1Тэгээд бид буцаж, ЭЗЭНий надад айлдсан ёсоор Улаан тэнгис хүрэх замын дагуух цөл газар уруу хөдөлж, Сеир уулыг олон хоног тойрон явцгаасан. 2ЭЗЭН надад айлдахдаа 3“Та нар энэ уулыг их удаан тойрлоо. Одоо умард зүг эргэ. 4Ард түмэнд тушаан “Та нар Сеирт сууж байгаа өөрсдийн садан төрөл болох Есавын хөвгүүдийн нутгийн хил хязгаарыг дайран өнгөрнө. Тэд та нараас айх болно. Та нар тун болгоомжтой бай! 5Тэднийг бүү өдөө! Би та нарт тэдний газар нутгаас нэг мөр ч өгөхгүй. Учир нь Би Сеир уулыг Есавд эзэмшил болгон өгсөн билээ. 6Та нар тэднээс хоол хүнс мөнгөөрөө худалдан авч ид, бас тэднээс усаа мөнгөөрөө авч уу. 7Бурхан ЭЗЭН чинь чиний хийсэн бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй” гэж хэл” хэмээсэн.
8Бид Сеирт нутаглан суудаг өөрсдийн садан төрөл болох Есавын хөвгүүдийг орхин гараад Арабаг дайрч Елат, Езион-геберийг өнгөрөөд, тэндээсээ эргэж, Моабын цөлийн замаар явцгаалаа. 9Тэгэхэд ЭЗЭН надад “Моабчуудыг бүү зовоо, тэднийг дайнд бүү өдөө. Би тэдний газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй. Учир нь Би Арыг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ. 10(Эрт урьд емчүүд тэнд амьдарч байсан бөгөөд аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байсан тул 11тэднийг анакчуудын нэгэн адил Рефаим гэж үздэг байжээ. Харин моабчууд тэднийг емчүүд гэж нэрлэдэг байжээ. 12Эрт урьд хоричууд Сеирт нутаглаж байсан бөгөөд харин Есавын хөвгүүд тэднийг өмнөөсөө зайлуулан устгаж, тэдний оронд нутаглан суужээ. Энэ нь Израиль ЭЗЭНий өв болгон өгсөн нутаг дээр үйлдсэнтэй адил болжээ.) 13Одоо босож, Зеред горхийг гаталцгаа” гэсэнд бид Зеред горхийг гаталсан билээ. 14Бид Кадеш-барнеагаас хөдлөөд Зеред горхийг гаталсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийн дайчид бүгдээрээ хуарандаа сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ. 15Хуарангаас тэднийг устгахын тулд бүгдийг нь устаж дуустал ЭЗЭНий мутар тэдний эсрэг байв.
16Ард түмний дундаас бүх дайчид бүрэн устсаны дараа 17ЭЗЭН надад айлдахдаа 18“Чи өнөөдөр Моабын хил Арыг давах болно. 19Аммоны хөвгүүдийн харалдаа очихдоо тэднийг бүү зовоо, тэднийг битгий өдөө. Би Аммоны хөвгүүдийн газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй. Учир нь Би түүнийг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ. 20(Тэнд урьд рефаимчууд нутаглаж байсан учир түүнийг Рефаимын газар гэдэг байжээ. Харин аммончууд тэднийг Замзуммин гэж нэрлэдэг байсан. 21Тэр ард түмэн аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байжээ. Харин ЭЗЭН аммончуудын өмнө тэднийг устгаж, аммончууд тэднийг хөөн гаргаад, оронд нь оршин суух болжээ. 22Энэ нь ЭЗЭН Сеирт амьдран суудаг Есавын хөвгүүдийн өмнөөс хоричуудыг устгасантай адил болжээ. Тэд хоричуудыг хөөн зайлуулаад, тэдний оронд одоо хүртэл оршин суусан. 23Кафтораас ирсэн кафторчууд Газ хүртэлх тосгодод амьдран сууж байсан Авви хүмүүсийг устгаж, тэдний оронд оршин суужээ). 24Босож, хөдлөн, Арноны хөндийг гатал. Хар! Би Хешбоны хаан, Амори хүн Сихоныг болон газар нутгийг нь чиний гарт өгсөн билээ. Тэдэнтэй байлдаад, тэр газар нутгийг эзлэн авч эхэл. 25Би өнөөдрөөс эхлээд тэнгэрийн доорх ард түмнүүдийг чамаас айж эмээдэг болгоно. Тэд чиний алдар цууг сонсоод чичирч, чамаас болж зовж шаналах болно” гэсэн.
26Би Кедемотын цөлөөс Хешбоны хаан Сихонд элч нарыг илгээж, эв найрамдлын хэл хүргүүлэхдээ 27“Намайг газар нутгаараа нэвтрүүлээч. Би зөвхөн гол замаар явах бөгөөд баруун зүүн тийш хазайхгүй. 28Чи идэх хоолыг минь надад мөнгөөр худалд, уух усыг минь надад мөнгөөр өг. Намайг зөвхөн явганаар өнгөрүүлээч. 29Сеирт суудаг Есавын хөвгүүд болон Арт суудаг моабчуудын надад үйлдсэн шиг та нар намайг Иордан голыг гатлан бидний Бурхан ЭЗЭНээс бидэнд өгч байгаа тэр газар уруу орох хүртэл нэвтрүүлж өгнө үү?” гэв. 30Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа нэвтрэн өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан, зүрхийг нь зөрүүд болгон өнөөдрийнх шиг болгосон байна. 31ЭЗЭН надад хандан “Би Сихон болон түүний газар нутгийг чамд тушааж эхэлсэн. Чи тэр газрыг эзэмшихийн тулд одооноос эзлэн ав” гэж айлдсан билээ.
32Тэгэхэд Сихон бүх ард түмнээ дагуулан, Иахазд бидэнтэй тулалдахаар гарч ирэв. 33Бидний Бурхан ЭЗЭН түүнийг бидэнд тушааж, бид түүнийг хөвгүүдтэй нь болон бүх ард түмэнтэй нь бут цохив. 34Тэр цагт бид түүний бүх хотуудыг эзлэн авч, хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд болон үр хүүхдийг нь хүйс тэмтрэн, нэг ч хүн үлдээсэнгүй. 35Бид зөвхөн мал адгуус болон эзэлсэн хотуудаасаа олзолсон зүйлсийг авлаа. 36Арноны хөндийн захад орших Ароер болон тэр хөндий дэх хотоос Гилеад хүртэл бидэнд дийлдэхээргүй тийм өндөр хот нэг ч байсангүй. Бидний Бурхан ЭЗЭН тэр бүгдийг бидэнд тушаасан. 37Харин чи Аммоны хөвгүүдийн нутаг, Иаббок голын эрэг дагуу, уулархаг нутаг дахь хотууд болон ЭЗЭН Бурхан маань биднийг очихыг тушаагаагүй аливаа газар л ойртон очоогүй билээ.