16 1Абиб сарыг сахиж, ЭЗЭН Бурхандаа зориулан Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэ. Учир нь ЭЗЭН Бурхан чинь Абиб сард чамайг Египетээс шөнөөр гаргаж авсан юм. 2ЭЗЭНий Өөрийнхөө нэрийг тавихаар сонгосон газарт чи ЭЗЭН Бурхандаа Дээгүүр Өнгөрөх баярын тахилыг үхэр, хониор өргө. 3Чи Египет нутгаас яаруу гарсан тул түүнийг исгэсэн талхтай хольж идэж болохгүй. Долоо хоногийн турш түүнийг исгээгүй талх буюу зовлонгийн талхтай ид. Ийнхүү үйлдсэнээр чи Египетээс гарсан тэр өдрийг насан туршдаа санаж явах болно. 4Чиний газар нутагт долоо хоногийн турш исгэх хөрөнгө бүү олдог. Анхны өдрийн үдэш өргөсөн тахилын махнаас шөнө өнгөрч өглөө болтол юу ч бүү үлдэг. 5Дээгүүр Өнгөрөх баярын тахилыг ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй аль ч хотод өргөх ёсгүй. 6Харин ЭЗЭН Бурханы чинь нэрээ тавихаар сонгосон газарт Египетээс чиний гарч явсан тэр цагт буюу нар шингэх үед үдшээр чи Дээгүүр Өнгөрөх баярын тахилыг өргө. 7Чи ЭЗЭН Бурханыхаа сонгосон газарт тэр махыг шарж идээд, өглөөгүүр майхан уруугаа буц. 8Чи зургаан өдрийн турш исгээгүй талх идэн, долоо дахь өдөр нь ЭЗЭН Бурханыхаа өмнө ариун чуулган чуулж, тэр өдрөө ямар ч ажил бүү хий.
9Чи өөртөө долоон долоо хоногийг тоол. Боловсорсон тарианд хадуур хүргэж эхлэх үеэс хойш долоон долоо хоногийг тоол. 10ЭЗЭН Бурханыхаа өмнө Долоо Хоногуудын Баярыг тэмдэглэж, ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээдэгчлэн чи сайн дураараа, чадлынхаа хэрээр өргөл өргө. 11ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгох газарт чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, хотод чинь оршин суудаг левичүүд, та нарын дунд байгаа харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэй цөмөөрөө ЭЗЭН Бурханыхаа өмнө хөгжин баярла. 12Чи Египетэд боол байснаа санаж, эдгээр зарлигийг чанд сахигтун.
13Та нар үтрэмээсээ болон усан үзэм шахах торхноосоо хурааж цуглуулж авсны дараа Майхан баярыг долоо хоног тэмдэглэ. 14Тэр баяраар чи болон чиний хөвгүүд, охид, зарц, шивэгчид, танай хотод оршин суудаг левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэй цөмөөрөө хөөрөн баярла. 15Чи тэр баярыг ЭЗЭНий сонгож авах газарт ЭЗЭН Бурханыхаа өмнө долоо хоног тэмдэглэ. ЭЗЭН Бурхан чинь чиний хийж бүтээсэн бүх зүйл, чиний гараар бүтсэн аливаа ажил үйлсийг ивээх учир чи сэтгэл дүүрэн баярлах болно. 16Жилд гурван удаа танай бүх эрчүүд Түүний сонгох газарт Исгээгүй Талхны баяр, Долоо Хоногийн баяр, Майхан баяраар ЭЗЭН Бурханыхаа өмнө үзэгдэх ёстой. Тэд ЭЗЭНий өмнө гар хоосон үзэгдэж болохгүй. 17Хүн бүр ЭЗЭН Бурханыхаа өгсөн ивээлийн хэрээр, чадлынхаа хэрээр өргөгтүн.
18ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хот бүрд овгийнх нь тоогоор шүүгчид, түшмэдийг томил. Тэд хүмүүсийг зөв шударгаар шүүх болно. 19Чи шударга ёсыг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль бол мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг. 20Чи амьдарч, ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрыг эзэмшихийн тулд чи шударга ёсыг, зөвхөн шударга ёсыг л дага.
21ЭЗЭН Бурхандаа зориулан босгох тахилын ширээний дэргэд ямар нэгэн модон Ашера шонг бүү босго. 22Чиний Бурхан ЭЗЭНий үзэн яддаг чулуун баганыг чи өөртөө зориулан бүү босго.