14 1Мэргэн эмэгтэй орон гэрээ төвхнүүлдэг бол
Мунхаг эмэгтэй өөрийн гараар орон гэрээ нураадаг.
2Цэх шулуунаар алхагч нэгэн ЭЗЭНээс эмээдэг.
Харин замаасаа гажигч хүн Түүнийг жигшдэг.
3Мунхгийн аман дотор нуруун дундуур нь татах саваа бий.
Харин мэргэн хүмүүсийн уруул өөрсдийг нь хамгаалдаг.
4Шар байхгүй газар тэжээлийн тэвш хоосон.
Гэвч шарын хүчийг ашиглавал орлого нэмэгддэг.
5Итгэмжит гэрч худал ярихгүй.
Харин хуурамч гэрч худал үгс урсгана.
6Басамжлагч хүн мэргэн ухааныг эрж хайдаг боловч юуг ч олохгүй.
Харин мэдлэг нь гярхай нэгэнд хялбар ажгуу.
7Мунхаг хүнээс хол бай.
Эс тэгвэл чи мэдлэгийн үгсийг олж эс чадна.
8Хэрсүү хүний мэргэн ухаан болбоос өөрийнхөө замыг ойлгох явдал мөн.
Харин мунхаг хүмүүсийн мунхаглал болбоос заль мэх юм.
9Мунхгууд нүглийг басамжилдаг.
Харин цэх шулуун хүмүүсийн дунд сайн санаа бий.
10Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ.
Гаднын хүн баяр баясгаланг нь үл хуваалцана.
11Хар санаатай хүний байшин нурж,
Цэх шулуун хүний овоохой сүндэрлэнэ.
12Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг.
13Инээгчийн доторх зүрх өвдсөн ч байж болох юм.
Хөөр баяслын төгсгөл нь уй гашуу ч байж болно.
14Замаасаа гажигч хүн хийсэн үйлийнхээ үр жимсээр дүүрнэ.
Харин сайн хүн өөрийн хийсэн үйлсдээ сэтгэл ханах болно.
15Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг.
Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг.
16Мэргэн хүн болгоомжилдог ба хорон муугаас зайлдаг.
Харин мунхаг хүн омог бардам ба болгоомжгүй байдаг.
17Түргэн зантай хүн мунхаг үйлийг үйлддэг.
Хорон мууг сэдэгч хүн үзэн ядагддаг.
18Гэнэн нэгэн мунхаг явдлыг өвлөдөг бол
Хэрсүү нэгэн мэдлэгээр шагнагдана.
19Хорон муу нь сайны өмнө сөгдөж,
Хар санаатан шударга зөв хүний хаалганы өмнө сөхрөх болно.
20Ядуу хүнээс хөрш нь хүртэл зугтдаг бол
Баян хүнд олон найз нөхөд байдаг.
21Хөршөө гадуурхагч нь нүгэл үйлдэж буй хэрэг.
Харин ядуу хүнд нигүүлсэнгүй хандагч хүн ерөөлтэй.
22Хорон мууг сэдэгч нар төөрөлдөхгүй гэж үү?
Харин сайныг сэдэгч нарт үнэн ба энэрэл байх болно.
23Хөдөлмөр бүхэн ашиг авчирна.
Харин дэмий хоосон яриа ядууралд л хүргэнэ.
24Мэргэн хүмүүсийн титэм нь тэдний баялаг бол
Мунхгуудын мунхаг явдал тэдний мунхаглал юм.
25Үнэнч гэрч амийг авардаг.
Харин худлыг урсгадаг хүн мэхэлдэг.
26ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл бий бөгөөд
Тэрээр Өөрийн хүүхдүүдэд хоргодох газар болдог.
27ЭЗЭНээс эмээхүй нь амийн ундарга болой.
Энэхүү эх булаг нь үхлийн зангыг зайлуулах боломжтой.
28Түмэн олон нь хааны сүр хүч бол
Цөөн ардууд нь ноёны мөхөс байдал юм.
29Уурлахдаа удаан хүн маш их ухаантай.
Түргэн зантай хүн мунхаг явдлыг өргөдөг.
30Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг бол
Хүсэл тачаал ясан дахь идээ бээр юм.
31Ядуу хүнийг дарладаг нэгэн Бүтээгчийг нь буруутгаж буй хэрэг.
Харин үгээгүй хүнд нинжин сэтгэл гаргагч Бүтээгчийг нь хүндэтгэж буй хэрэг юм.
32Хорон санаатан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах бол
Шударга зөв хүн үхсэн ч хоргодох газартай.
33Мэргэн ухаан гярхай хүний зүрхэнд оршдог бөгөөд
Мунхгуудын дундаас ч тэнэгүүдэд өөрийгөө мэдүүлдэг.
34Зөв шударга байдал улс үндэстнийг алдаршуулна.
Харин нүгэл хилэнц ард түмнийг гутаана.
35Хааны таалал мэргэн зарцад хүртээгддэг бол
Уур хилэн нь хааны нэрийг хугалагчид оногдоно.