1 1Хакалиагийн хүү Нехемиагийн үгс. Хорьдугаар оны Хислев сард намайг Суса ордонд байх үед 2миний ах дүүсийн нэг болох Ханани болон хэсэг хүмүүс Иудагаас ирцгээлээ. Амь хэлтрэн, олзноос үлдсэн иудейчүүдийн тухай болон Иерусалимын тухай би тэднээс асуув. 3Тэд надад
-Энэ мужид олзноос үлдэгсэд нь туйлын зовлон зүдгүүр эдлэн басамжлагдаж байгаа бөгөөд Иерусалимын хэрэм нурж, түүний дааман хаалгууд нь галд шатжээ гэв.
4Эдгээр үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин залбирч байв. 5Би
-Би Танаас гуйж байна, аугаа, аймшигт Бурхан болох тэнгэрийн Бурхан ЭЗЭН! Танд хайртай, Таны тушаалуудыг сахигч хүмүүст Та хайр энэрэл болон гэрээгээ сахидаг. 6Өөрийн зарцын залбирлыг сонсохын тулд Таны чих сонор, Таны мэлмий нээлттэй байг. Таны зарц нар болох Израилийн хөвгүүдийн өмнөөс би одоо Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байна. Таны эсрэг бидний үйлдсэн, би болон миний эцгийн гэрийн хийсэн Израилийн хөвгүүдийн нүглийг улайж байна. 7Бид Таны эсрэг маш бусармагаар үйлдсэн ба Өөрийн зарц Мосед Таны тушаасан тушаалыг ч, тогтоолыг ч, зарлигийг ч сахиагүй билээ. 8Та Өөрийн зарц Мосед тушаасан үгээ санаач. Та айлдахдаа “Хэрэв та нар итгэлгүй болбол Би та нарыг ард түмнүүдийн дунд тараана. 9Харин хэрэв та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахиж биелүүлэх аваас та нараас тараагдагсад тэнгэрийн хамгийн алс хэсэгт байсан ч Би тэднийг тэндээс цуглуулж, Өөрийн нэрийг байлгах гэж Миний сонгосон тэр газартаа аваачна” гэсэн. 10Тэд Таны аугаа хүч, Таны хүчирхэг мутраар золин аварсан Таны зарц нар, Таны ард түмэн юм. 11Эзэн минь, би Танаас гуйж байна. Таны чих зарцынхаа залбиралд сонор байг. Таны нэрийг хүндлэн бишрэгч зарц нарынхаа залбиралд Таны чих сонор байж, Өөрийн зарцдаа энэ өдрийг амжилттай болгон хайрлаж, энэ хүний өмнө түүнд нигүүлслийг соёрхооч гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.