4 1Бид хэрмийг сэргээн барьж буйг Санбаллат сонсоод, тэр ихэд догшрон уурсаж, иудейчүүдийг доромжлов. 2Тэр өөрийн ах дүүс ба Самарийн баячуудыг байхад
-Эдгээр дорой иудейчүүд юу хийж байна вэ? Тэд өөрсдийн төлөө үүнийг сэргээн босгох гэж байгаа юм уу? Тэд тахил өргөж чадах уу? Тэд өдрийн дотор дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан нэгнээс чулуунуудыг сэргээж чадна гэж үү? гэв. 3Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр
-Тэдний босгож байгаа зүйлийн дээгүүр нь хэрэв үнэг харайвал чулуун хэрмийг нь нураачихна гэж хэлэв.
4Бурхан минь, сонсооч, бид хэрхэн жигшигдэнэ вэ! Тэдний зүхлийг өөрсдийнх нь толгой дээр буулгаж, олзны нутагт тэднийг олз болгон өгөөч. 5Тэдний гэм зөрчлийг бүү уучил, тэдний нүгэл Таны өмнөөс бүү арчигдаг. Учир нь тэд барилгачдыг шантруулсан юм. 6Тиймээс бид хэрмийг барьсан ба бүх хэрэм өндрийнхөө хагаст л хүрчээ. Учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв.
7Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхийнүүд нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод, тэд ихэд уурлав. 8Тэд бүгд Иерусалимын эсрэг байлдахаар ирж, тэнд үймээн гаргахаар хамтдаа хуйвалдав. 9Харин бид өөрсдийн Бурханд залбирсан бөгөөд тэднээс болж бид тэдний эсрэг өдөр, шөнөгүй харуул гаргав. 10Иудад ийнхүү яригдав.
-Ачаа үүрэгчийн хүч сульдаж байна.
Гэсэн ч хог новш их байна.
Бид өөрсдөө хэрмийг сэргээн барьж чадахгүй. 11Бидний дайснууд
-Бид тэднийг мэдээгүй, хараагүй байхад нь тэдний дунд орж, тэднийг алж, ажлыг нь зогсооно гэсэн. 12Тэдний ойролцоо амьдардаг иудейчүүд ирцгээж, бидэнд
-Та нарын эргэх зүг бүрээс тэд бидний эсрэг довтолно гэж арван удаа хэлэхэд, 13би хүмүүсийг хэрмийн ар талын газрын хамгийн нам хэсгүүд болох задгай газруудад байрлуулж, хүмүүсийг ургуудаар нь сэлэм, жад, нумтай нь байрлуулав. 14Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид, мөн бусад хүмүүст хэлэв.
-Тэднээс бүү айцгаагтун. Аугаа, аймшигт Эзэнийг санаж, өөрсдийн ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаагтун!
15Тэдний төлөвлөгөө бидэнд мэдэгдсэнийг, Бурхан түүнийг нь тасалдуулсан гэдгийг дайснууд маань сонссонд бид бүгд хэрэм уруу, хүн бүр өөрийн ажил уруугаа буцав. 16Тэр өдрөөс хойш миний зарц нарын хагас нь ажиллаж байх үед хагас нь жад, бамбай, нум ба хуяг барьж, дарга нар нь Иудагийн бүхэл гэрийн ард байцгаав. 17Хэрмийг сэргээн босгогчид болон ачаа зөөгчид ажил хийж байхдаа нэг гараараа ачаагаа авч нөгөө гартаа зэвсгээ барьж байв. 18Барилгачдын хувьд гэвэл, хүн бүр хэрэм босгох үедээ сэлмээ хажуудаа зүүж явах бөгөөд бүрээчин миний хажууд зогсож байв. 19Би сурвалжтанууд, захирагчид болон бусад хүмүүст
-Ажил их, хүрээ өргөн, бид хэрэм дээр бие биеэсээ хол салсан байна. 20Та нар хаа нэгтээ бүрээний дуу сонсвол тийшээ бидэн уруу цугларцгаа. Бидний Бурхан бидний төлөө тулалдана гэв.
21Тийнхүү хүмүүсийн маань хагас нь жад барин, үүр цайхаас мичид гарах хүртэл бүгд ажиллацгаав. 22Тэр үед би бас хүмүүст
-Хүн бүр зарцтайгаа хамт Иерусалимд шөнийг өнгөрүүл. Тэгвэл тэд бидний төлөө шөнөдөө харуул, өдөртөө ажилчин болох юм гэж хэлэв. 23Тийнхүү би өөрөө ч, миний ах дүү нар ч, миний зарц нар ч, намайг дагалдаж байгаа хамгаалах хүмүүс ч, бидний хэн нь ч хувцсаа тайлсангүй, усанд явахдаа ч зэвсгээ авч явдаг байв.