6 1Намайг хэрмийг дахин босгосон ба хэрмэнд цөмөрхий үлдээгээгүй гэдгийг Санбаллат, Тобиа, араб хүн Гешемд болон бидний бусад дайснуудад мэдээлэхэд, харин ч тэр үед би хаалгуудыг нь дааман хаалгануудад нь арай байрлуулаагүй байсан. 2Санбаллат, Гешем нар надад захидал илгээн,
-Ирнэ үү! Оногийн талд Хефиримд бүгдээрээ уулзацгаая! гэв. Гэвч тэд надад хор хүргэхээр төлөвлөж байсан. 3Тиймээс би тэдэн уруу элч нарыг илгээж, “Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй. Би үүнийг орхиж та нар уруу очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна вэ?” гэж хэлүүлэв. 4Тэд надад энэ мэтээр дөрвөн удаа захидал илгээсэн бөгөөд би тэдэнд нөгөө л хариугаа өгөв. 5Тэгэхэд Санбаллат ийм байдлаар тав дахь удаа өөрийн зарцаа илгээсэн бөгөөд түүний гарт битүүмжлээгүй захидал байв. 6Тэнд бичсэн нь “Чи болон иудейчүүд бослого гаргахаар төлөвлөж байгаа. Тиймээс та нар хэрмийг сэргээн босгож байна гэж үндэстнүүдийн дунд яригдаж байна. Гашму ч үүнийг хэлж байна. Энэ мэдээллийн дагуу бол чи тэдний хаан болох гэнэ. 7Мөн чи Иерусалимд өөрийнхөө тухай “Иудад хаан байна” хэмээн зарлуулахаар эш үзүүлэгчдийг томилсон гэнэ. Одоо эдгээр мэдээллийн дагуу энэ нь хаанд мэдээлэгдэнэ. Тиймээс одоо ирэгтүн, хамтдаа зөвлөлдөе” гэжээ. 8Тэгэхэд би түүнд захидал илгээн “Таны хэлж буй шиг тийм зүйлс огт болоогүй. Харин та эдгээрийг санаанаасаа зохиож байна” гэлээ. 9Учир нь тэд бүгдээрээ “Тэд ажилдаа мохож, ажил нь гүйцэд хийгдэхгүй” хэмээн бодож, биднийг айлгахыг хичээж байв. Харин одоо, өө Бурхан, миний гарыг тэнхрүүлээч.
10Тэгээд би гэрт хоригдсон Мехетабелын хүү, Делаиагийн хүү Шемаиагийн байшинд ороход, тэр
-Бурханы өргөөнд, сүм дотор уулзацгаая. Сүмийн хаалгуудыг нь хаа. Учир нь тэд чамайг алах гэж байна. Тэд чамайг алахаар шөнө ирнэ гэв. 11Гэвч би
-Над шиг хүн зугтаах гэж үү? Над шиг нэг нь амиа аврахаар сүм уруу орж чадах уу? Би орохгүй гэж хэлэв. 12Тэгэхэд Бурхан үнэхээр түүнийг илгээгээгүй, харин Тобиа, Санбаллат нар түүнийг хөлсөлсөн учир тэр миний эсрэг эш үзүүлсэн гэдгийг би ухаарсан. 13Би айж, түүнчлэн нүгэл үйлдэж, тэгснээр тэд намайг буруутгаж чадах муу мэдээллийг олж авахаар тэр хүнийг хөлсөлсөн юм. 14Өө, Бурхан минь, тэдний эдгээр ажлаар нь Тобиа, Санбаллат нарыг, мөн эш үзүүлэгч эмэгтэй Ноадиаг, намайг айлгахыг хичээж байсан бусад эш үзүүлэгчдийг санаач.
15Ингээд хэрэм нь тавин хоёр хоногийн дотор, Елул сарын хорин таванд баригдаж гүйцлээ. 16Бидний бүх дайснууд үүнийг сонсож, бидний эргэн тойрны бүх үндэстнүүд үүнийг хараад, тэд өөрсдийн итгэлээ алдав. Учир нь энэ ажил бидний Бурханы дэмжлэгтэйгээр бүтсэн гэдгийг тэд ойлгожээ. 17Мөн тэр өдрүүдэд Иудагийн сурвалжтануудаас олон захидал Тобиад очиж, Тобиагийн захидлууд тэдэнд ирэв. 18Учир нь Иудад олон хүмүүс түүнтэй тангаргаар холбогдсон байсан. Учир нь тэр Арагийн хүү Шеканиагийн хүргэн байсан бөгөөд түүний хүү Иехоханан нь Берехиагийн хүү Мешулламын охинтой гэрлэсэн байв. 19Түүнээс гадна тэд миний дэргэд түүний сайн үйлсийн тухай ярьж байсан ба миний үгсийг түүнд мэдээлжээ. Тэгээд Тобиа намайг сүрдүүлэхээр захидлуудыг илгээв.