9 1Энэ сарын хорин дөрвөнд Израилийн хөвгүүд цуглан мацаг барьж, таар өмсөн, өөрсөд дээрээ шороо цацав. 2Израилийн үр удмынхан өөрсдийгөө бүх харийнхнаас тусгаарлан, зогсож, өөрсдийн нүглийг болон өвөг дээдсийнхээ гэмийг наманчилав. 3Байрандаа зогсож байх зуураа тэд ЭЗЭН Бурханыхаа хуулийн номоос өдрийн дөрөвний нэгийн туршид уншив. Тэгээд дараагийн дөрөвний нэгийн туршид тэд нүглээ наминчлан, ЭЗЭН Бурхандаа мөргөв. 4Левичүүдийн тавцан дээр Иешуа, Бани, Кадмиел, Шебаниа, Бунни, Шеребиа, Бани болон Хенани нар зогсоод, өөрсдийн Бурхан ЭЗЭНд чанга дуугаар хашхирч байсан.
5Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь
-Босоцгоо, ЭЗЭН Бурханаа үүрд мөнхөд магт!
Таны суу алдарт нэр магтагдан,
Бүх ерөөл ба магтаалын дээр өргөмжлөгдөг!
6Та бол ганцхан ЭЗЭН.
Та тэнгэрийг болон тэнгэрүүдийн тэнгэрийг бүх эрхэстэй нь,
Газрыг ба түүн дээр байгч бүхнийг,
Тэнгисүүдийг, дотор нь байгч бүхнийг нь бүтээсэн.
Та тэр бүхэнд амьдралыг өгсөн ба тэнгэрлэг эрхэс Таны өмнө бөхийдөг.
7Та бол Абрамыг сонгож,
Түүнийг халдеичуудын Ураас гаргаж,
Түүнд Абрахам гэдэг нэрийг өгсөн ЭЗЭН Бурхан юм.
8Та түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олоод,
Канаанчуудын, хитчүүдийн, аморичуудын,
Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газрыг түүнд,
Түүний үр удамд өгөхөөр гэрээг байгуулсан.
Та Өөрийн амлалтаа биелүүлсэн.
Учир нь Та зөвт юм.

9Та Египетэд манай өвөг дээдсийн зовлонг үзэж,
Улаан Тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг сонссон.
10Тэгээд Та Фараоны эсрэг болон түүний бүх зарц нар,
түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн.
Учир нь тэд манай өвөг дээдэст омгорхон хандахыг Та мэдсэн бөгөөд
Энэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв.
11Та тэдний өмнө тэнгисийг хувааж,
Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн.
Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан.
12Үүлэн баганаар Та тэднийг өдөр нь удирдаж,
Шөнө нь тэдний явах замыг галан баганаар гэрэлтүүлсэн.
13Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн,
Тэдэнтэй тэнгэрээс ярьсан.
Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг,
Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн.
14Та тэдэнд Өөрийн ариун амралтын өдрийг мэдүүлж,
Өөрийн зарц Мосегээр дамжуулан тэдэнд тушаалууд,
Дүрэм ба хуулийг өгсөн.
15Тэднийг өлсөхөд Та тэднийг тэнгэрээс талхаар хангаж,
Тэднийг ундаасахад Та тэдэнд хаднаас ус гарган өгсөн.
Та тэдэнд өгөхөөр тангарагласан газрыг эзэмшихээр тийш очихыг тэдэнд айлдсан.

16Гэвч тэд, манай өвөг дээдэс ихэрхэг байдал гаргав.
Тэд зөрүүдлэн, Таны тушаалуудыг эс сонсов.
17Тэд сонсохоос татгалзан,
Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй.
Тиймээс тэд зөрүүдлэн,
Египет дэх боолчлол уруугаа буцахын тулд удирдагчийг томилов.
Гэвч Та бол өршөөл уучлалын Бурхан,
Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан,
Хайр энэрлээр бялхам билээ.
Та тэднийг орхисонгүй.
18Тэд хайлуулсан төмөрлөгөөр өөрсдөдөө тугал бүтээгээд,
“Энэ бол та нарыг Египетээс гаргасан та нарын Бурхан” хэмээж,
Аймшигт доромжлолыг үйлдэхэд
19Та Өөрийн агуу энэрлээр тэднийг цөлд орхисонгүй.
Тэдний замыг заахын тулд үүлэн багана ч өдрөөр тэднийг орхисонгүй.
Тэдний явах замыг гэрэлтүүлэхийн тулд галан багана ч
Шөнөөр тэднийг орхисонгүй.
20Тэдэнд зааварчлахын тулд Та Өөрийн сайн Сүнсийг өгөв.
Та Өөрийн маннаг тэдний амнаас салгасангүй.
Та тэднийг ундаасахад ус өгсөн.
21Үнэхээр цөлд дөчин жилийн турш Та тэдний төлөө бэлтгэсэн ба тэд эс гачигдав.
Тэдний хувцас нь элэгдээгүй, хөл нь ч хавдаагүй.
22Та мөн тэдэнд хаанчлалууд ба ард түмнүүдийг өгч,
Тэднийг хил хязгаараар нь тэдэнд хуваав.
Тэд Хешбоны хаан Сихоны газрыг,
Башаны хаан Огийн газрыг эзлэв.
23Та тэдний хөвгүүдийг тэнгэрийн одод мэт олон болгов.
Тэдний өвөг дээдэст нь очиж,
Эзэмш гэж айлдсан тэр газартаа Та тэднийг оруулав.
24Тиймээс тэдний хөвгүүд тэр газарт орж,
Түүнийг эзэмшив.
Та тэдний өмнө тэр газрын оршин суугчид болох канаанчуудыг дарав.
Тэгээд өөрсдийн хүссэнээрээ тэдэнд үйлдэг хэмээн
Та тэднийг хаадтай нь,
Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгөв.
25Тэд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг эзлэв.
Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн,
Зассан нөөцлүүрүүд, усан үзмийн төглүүд,
Чидуны төглүүд, жимсний моддыг элбэг дэлбэгээр тэд эзэмшив.
Тиймээс тэд идэцгээж,
Таргалцгаасан ба Таны агуу сайн сайханд баясав.

26Гэвч тэд дуулгаваргүй болж, Таны эсрэг тэрсэлж,
Өөрсдийнхөө нурууны ар уруу Таны хуулийг хаясан.
Тан уруу эргэж ирүүлэхийн тулд тэднийг ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж,
Аймшигт доромжлолыг үйлдсэн.
27Тиймээс тэднийг дарласан дарлагчдын гарт Та тэднийг тушаасан.
Гэвч тэд зовлонтой үедээ Таныг дуудахад,
Та тэнгэрээс сонсож,
Өөрийн агуу энэрлээр тэднийг дарлагчдын гараас аварсан аврагчдыг Та тэдэнд өгсөн.
28Гэвч амсхиймэгцээ тэд дахин Таны өмнө мууг үйлдэв.
Тиймээс Та тэднийг дайснуудынх нь гарт орхисон.
Ингэснээр дайснууд нь тэднийг ноёлов.
Тэд дахиад Таныг дуудахад Та тэнгэрээс сонсов.
Та тэднийг Өөрийн энэрлээр олон удаа аварч,
29тэднийг Өөрийн хууль уруу буцаан эргүүлэх гэж ятгав.
Гэсэн ч тэд ихэрхэгээр үйлдэн,
Таны тушаалуудыг эс сонсон,
Харин Таны зарлигуудын эсрэг нүглийг үйлдэв.
Хэрэв хүн тэдгээрийг сахиваас амьдрах юм.
Тэд зөрүүд мөрөө эргүүлж, өөрсдийн хүзүүгээ гүрдийлгэн, эс сонсов.
30Харин Та тэднийг олон жил хүлцэж,
Өөрийн Сүнсээр, Өөрийн эш үзүүлэгчдээр дамжуулан ятгасан ч тэд чих тавьсангүй.
Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв.
31Гэлээ ч Өөрийн агуу энэрлээр
Та тэдний төгсгөлийг хийсэнгүй, орхисонгүй.
Учир нь Та бол энэрэнгүй өрөвч Бурхан.

32Тиймээс одоо, бидний Бурхан болох гэрээгээ болон хайр энэрлээ сахигч агуу,
Хүчирхэг болоод аймшигт Бурхан минь,
Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэл
Биднийг болон манай хаад, ноёд,
Тахилч нар, эш үзүүлэгчид, өвөг дээдэс ба
Таны бүх ард түмний дээр буусан бүх хүнд зовлонг
Та Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!
33Гэсэн ч бидэн дээр буусан бүхэнд Та шударга юм.
Учир нь Та итгэмжтэйгээр ханддаг байтал харин бид хорон муугаар үйлдсэн.
34Учир нь манай хаад, манай удирдагчид,
Манай тахилч нар болон манай өвөг дээдэс Таны хуулийг сахисангүй.
Таны тушаалууд болон тэднийг ятгасан Таны ятгалгуудад анхаарал хандуулсангүй.
35Харин тэдэнд өгсөн Таны агуу сайн сайханд болон тэдний өмнө тавьсан өргөн уудам,
Үржил шимт газартай өөрийн хаанчлалдаа тэд Танд үйлчилсэнгүй,
Өөрсдийн муу үйлээсээ ч буцсангүй.
36Үзэгтүн, бид өнөөдөр боолууд мөн.
Жимсийг нь идүүлж, шимийг нь хүртээхээр манай өвөг дээдэст
Таны өгсөн газрын хувьд гэвэл, харагтун, бид түүн дээр боолууд байна.
37Бидний нүглээс болж түүний элбэг дэлбэг үр жимс нь бидний дээр Таны тавьсан хаадынх болов.
Тэд мөн бидний биесийг ноёлно.
Бидний мал сүргүүдийг хүссэнээрээ эзэмшинэ.
Тиймээс бид үлэмж зовлонд байна.
38Одоо энэ бүхний учир бид бичгээр гэрээ хийж байна.
Тамгалсан бичиг дээр манай удирдагчдын,
Манай левичүүдийн болон манай тахилч нарын нэрс байна.