9 1Есүс арван хоёроо хамтад нь дуудаад өвчнийг эдгээх, бүх чөтгөрийг зайлуулах эрх мэдэл, хүчийг тэдэнд өгчээ. 2Бурханы хаанчлалыг тунхаглуулахын тулд, мөн өвчтэй хүмүүсийг эдгээлгэхийн тулд Тэр тэднийг илгээв. 3Тэр тэдэнд
-Замдаа юу ч бүү авч яв. Таяг, богц, талх, мөнгө ч авч болохгүй. Хоёр цамц ч авч болохгүй. 4Та нар ямар ч айлд орно, явтлаа тэндээ бай. 5Та нарыг хүлээн авахгүй хүмүүсийн хувьд, хотоос нь гарч явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага гэжээ. 6Тэндээс тэд суурингуудаар явж эхлэн, сайн мэдээг дэлгэрүүлэн, хаа сайгүй эдгээж байлаа.
7Захирагч Херод болж байгаа бүхнийг сонсоод, бүр алмайрч орхижээ. Юу гэвэл зарим нь Иохан үхэгсдээс амилсан гэж, 8зарим нь Елиа үзэгдсэн ч гэж, зарим нь эртний эш үзүүлэгчдээс нэг нь амилсан гэж ярьж байжээ. 9Херод
-Би өөрөө Иоханыг цаазлуулсан. Тэгвэл өөрийнх нь талаар надад иймэрхүү зүйл сонсогдоод байгаа тэр хүн хэн юм бэ? гэв. Тэр Түүнийг харахыг эрмэлзэж байлаа.
10Элч нар эргэж ирээд, өөрсдийн хийсэн бүхнээ Түүнд тайлагнав. Тэгээд Тэр тэднийг дагуулан хэдүүлхнээ Бетсайд хэмээх хотыг зүглэн явлаа. 11Гэвч олон түмэн үүнийг нь мэдээд, Түүнийг дагажээ. Тэр тэднийг угтан авч, Бурханы хаанчлалын тухай тэдэнд яриад, эдгээлт хэрэгтэй хүмүүсийг нь эдгээв. 12Өдөр хэвийх үед арван хоёр нь Түүн уруу ирж,
-Хурсан олныг энэ хавийн суурингууд уруу явуулъя. Тэд тэнд очиж хоноглох газар, унд хоол олог. Учир нь бид энд эзгүй зэлүүд газар байна шүү дээ гэв. 13Харин Тэр тэдэнд
-Та нар тэдэнд идэх юм өг гэхэд тэд
-Бид явж, энэ бүх хүмүүст зориулан идэх хоол хүнс худалдаж авахгүй л бол, бидэнд таван талх, хоёр загаснаас илүү юм алга гэжээ. 14(Тэнд таван мянгаад эрчүүд байсан юм) Тэр шавь нартаа
-Тэднийг тавь тавиар нь бүлэглэн суулга гэв. 15Тэд ч бүгдийг тэгж суулгажээ. 16Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд хараад, ерөөн талх загасаа хувааж, олон түмэнд тараан өгүүлэхээр шавь нартаа өгөв. 17Тэд бүгд идэж цадав. Хүмүүсийн орхисон хэлтэрхийнүүдийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.
18Нэгэн удаа Тэр ганцаараа залбирч байжээ. Шавь нар нь ч Түүнтэй цуг байв. Тэр тэднээс
-Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна? гэж асуухад 19тэд
-Зарим нь баптисм хүртээгч Иохан гэдэг. Зарим нь Елиа, харин өөр бусад нь эртний нэгэн эш үзүүлэгч дахин амилсан гэдэг гэв.
20-Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр
-Бурханы Христ гэжээ. 21Харин Есүс тэдэнд энэ тухай хэнд ч хэлж болохгүйг анхааруулаад,
22-Хүний Хүү олон зовлон эдэлж, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж, алуулна. Тэгээд гурав дахь өдрөө амилна гэв. 23Тэр тэдэнд бүгдэд нь хандаж
-Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага. 24Учир нь хэн амиа аврахыг хүснэ, тэр нь амиа алдах болно. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр нь амиа аварна. 25Хэрэв хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал юуны ашиг байх билээ? 26Хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, Хүний Хүү Эцгийн болон Өөрийн, мөн ариун тэнгэр элч нарын суу алдраар ирэхдээ түүнээс ичих болно. 27Гэвч Би та нарт үнэнээр хэлье, энд зогсож байгаа хүмүүсээс зарим нь Бурханы хаанчлалыг харах хүртлээ үхлийг үл амсана гэж айлдав.
28Ийнхүү айлдсанаас хойш найм хоногийн дараа Тэр Петр, Иохан, Иаков нарыг дагуулан залбирахаар уул өөд гарлаа. 29Түүнийг залбирч байхад нүүрнийх нь төрх өөрчлөгдөж, хувцас нь цагаан өнгөтэй болж, гялалзаж байжээ. 30Үзэгтүн, хоёр хүн Түүнтэй ярилцаж байсан бөгөөд тэд Мосе, Елиа нар байв. 31Тэд цог жавхлантайгаар үзэгдэж, Иерусалимд гүйцээгдэх Түүний үхлийн тухай ярьж байлаа. 32Петр болон түүний нөхөд нойрондоо дийлдсэн байсан, харин бүрэн сэргэхдээ Түүний цог жавхланг, Түүнтэй хамт зогсох хоёр хүнийг ч бас харав. 33Тэднийг Есүсээс холдон явахад, Петр Есүст
-Эзэнтэн, энд байгаа нь бидэнд сайн байна. Бид гурван цацар, нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад барьж өгье гэв. Тэр юу ярьж байгаагаа ч ойлгоогүй байлаа. 34Түүнийг ийнхүү хэлж байтал үүл гаран тэднийг бүрхэж эхэллээ. Тэд үүлэн дотор байхдаа ихэд айжээ. 35Тэгээд үүлнээс
-Энэ бол Миний Хүү, Миний сонгосон Нэгэн мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав. 36Тийнхүү дуу гарсны дараа Есүс ганцаараа байж байлаа. Тэд юу харснаа тэр өдрүүдэд хэнд ч хэлсэнгүй, чив чимээгүй байлаа.
37Маргааш нь тэднийг уулаас буун ирэхэд үй олон хүн Түүнийг тосон авав. 38Үзэгтүн, хурсан олны дундаас нэгэн хүн
-Багш аа, хүүг маань үзээч гэж би Танаас гуйж байна. Учир нь тэр миний ганц хүү юм. 39Хар л даа. Сүнс хүүг минь эзэмддэг. Тэр минь гэнэт орилон чарлаж, амнаасаа хөөс сахруулж, тарчлан байж арайхийн түүнээс салдаг. 40Энэ сүнсийг зайлуулаач гэж би Таны шавь нараас гуйхад тэд чадсангүй гэхэд 41Есүс тэдэнд
-Итгэлгүй, завхарсан үеийнхээн, Би хэр удаан та нартай хамт байж, та нарыг тэвчих вэ? Хүүгээ энд аваад ир гэв. 42Ойртон ирэх зуур нь чөтгөр түүнийг газар унагахад хүү татвалзаж гарав. Гэвч Есүс тэр бузар сүнсийг зэмлээд, хүүг эдгээж, эцэгт нь эргүүлэн өгөв. 43Бурханы аугааг бүгд бахдан байлаа.
Есүсийн үйлдсэн бүхнийг хүн бүр гайхаж байхад нь Тэр шавь нартаа
44-Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Иймээс эдгээр үгсийг чихэндээ шингээ гэв. 45Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ үгс нь учир битүүлэг байжээ. Тэд Түүнээс хэлсэн үгийн тухай асуухаас ч эмээцгээв.
46Хэн нь хамгийн агуу болох тухай маргаан шавь нарын дунд өрнөв. 47Харин Есүс тэдний зүрхэн дэх бодол санааг мэдэн, нэгэн хүүхдийг авч дэргэдээ зогсоогоод,
48-Хэн энэ хүүхдийг Миний нэрээр хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг. Хэн Намайг хүлээн авна, тэр нь Намайг илгээсэн Түүнийг хүлээн авдаг. Учир нь та нарын дундаас хамгийн өчүүхэн нь хамгийн агуу юм гэж тэдэнд хэлэв.
49Иохан
-Эзэнтэн, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байгаа нэг хүнийг бид хараад түүнд саад хийв. Яагаад гэвэл тэр хүн бидэнтэй хамт дагадаггүй шүү дээ гэхэд нь 50Есүс
-Түүнд бүү саад хий. Хэн та нарыг үл эсэргүүцнэ, тэр нь та нарын талд юм гэж айлдав.
51Түүний дээш аваачигдах өдрүүд ойртож байсан үед Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорьлоо. 52Тэр Өөрийн өмнө элч нараа илгээв. Тэд явж, Түүний төлөөх бэлтгэлийг хангахаар самаричуудын сууринд очжээ. 53Тэр Иерусалимыг зорин явж байсан тул тэндхийн хүмүүс Түүнийг хүлээн авсангүй. 54Түүний шавь нар болох Иаков, Иохан нар үүнийг хараад, Түүнд
-Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэхэд 55Тэр эргэн тэднийг зэмлэв.
[-Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй. 56Учир нь Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд биш, харин аврахаар ирсэн гэжээ.] Тэгээд тэд өөр суурин уруу явцгаав.
57Тэднийг замд явж байтал хэн нэг нь Түүнд
-Би Таныг хаа ч явсан дагая гэв. 58Есүс түүнд
-Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр бий. Харин Хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй гээд 59өөр нэгэнд
-Намайг дага гэхэд тэр хүн
-Эхлээд явж, эцгээ оршуулахыг надад зөвшөөрөөч гэжээ. 60Гэтэл Есүс
-Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж, Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв. 61Бас өөр нэг нь Түүнд
-Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч гэхэд 62харин Есүс
-Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ гэж айлджээ.