16 1Тэр шавь нартаа мөн ингэж айлдав.
-Нэгэн баян хүн няравтай байжээ. Өнөөх нярав нь түүний эд хөрөнгийг үрэн таран хийж байгааг эзэн нь сонсов. 2Тэгээд түүнийг дуудаж “Чиний талаар сонсдоод байгаа зүйл юу вэ? Ажил үүргийнхээ дансыг нааш өг. Чи цаашдаа нярав байж чадахгүй нь” гэжээ. 3Тэгтэл тэр нярав өөртөө “Эзэн маань нярвын ажлаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна. 4Юу хийхээ би мэдлээ. Нярвын ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно” хэмээгээд, 5эзэнд нь өртэй хүн бүрийг дуудаад эхний хүнээс “Чи миний эзэнд хир өртэй вэ?” гэсэнд 6тэр хүн “Зуун хэмжүүр тосны өртэй” гэхэд мөнөөх зарц “Дансаа ав. Даруй суугаад тавь гэж бич” гэжээ. 7Тэгээд нөгөөд нь “Чи хир өртэй вэ?” гэв. Тэр “Зуун хэмжүүр улаан буудайн өртэй” гэхэд нь “Дансаа ав. Ная гэж бич” гэлээ. 8Шударга бус нярвынхаа ухаалаг үйлдлийнх нь төлөө эзэн нь түүнийг магтан сайшаажээ. Учир нь энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ. 9Би та нарт хэлье. Шударга зөв эд баялгаараа өөрсдийн анд нөхөдтэй бол. Энэ нь эд хөрөнгө чинь үгүйрэх цагт, тэд та нарыг мөнх нутагт хүлээн авахын тул юм. 10Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг. 11Иймээс хэрэв та нар шударга бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол, хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах билээ? 12Хэрэв та нар бусдын юманд итгэмжтэй байгаагүй бол, хэн та нарт өөрсдийн чинь юмыг өгөх билээ? 13Хоёр эзэнд үйлчилдэг зарц байдаггүй. Учир нь тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцдэг. Та нар Бурханд ба эд баялагт зэрэг үйлчилж чадахгүй гэв.
14Мөнгөнд дурлагч фарисайчууд энэ бүхнийг сонсоод, Түүгээр доог тохуу хийж байлаа. 15Тэр тэдэнд
-Та нар бол хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Яагаад гэвэл хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг. 16Хууль ба Эш үзүүлэгчид Иоханыг иртэл тунхагласан юм. Тэр цагаас хойш Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлгэрч, хүн бүр тийшээ орохоор хүчлэн байна. 17Гэвч Хуулиас өчүүхэн зураас ч алга болохоос тэнгэр газар өнгөрөн одох нь илүү хялбар билээ. 18Эхнэрээ явуулчихаад өөр нэгэнтэй гэрлэгч аливаа хүн завхайрагч юм. Нөхрөөсөө салсан нэгэнтэй гэрлэгч нь завхайрсан болно.
19Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв. 20Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж, 21мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, түүний шархыг долоодог байв. 22Ядуу эр үхсэнд, тэнгэр элч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав. 23Тийнхүү баян байсан хүн Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав. 24Тэгээд тэр “Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн байна” гэж хашхирахад 25Абрахам “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад тэрчлэн Лазар ч муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна. 26Энэ бүхнээс гадна, эндээс наана чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хэн ч ирж, очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ” гэхэд 27тэр “Эцэг ээ, тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуйя. 28Би таван дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүйн тулд Лазар тэдэнд сануулаг” гэж хэлжээ. 29Харин Абрахам “Тэдэнд Мосе болон Эш үзүүлэгчид байгаа, дүү нар чинь тэднийг сонсог” гэхэд 30тэр “Үгүй, Абрахам эцэг минь, хэрэв үхэгсдээс хэн нэг нь тэдэн уруу явбал, тэд гэмших болно” гэв. 31Харин тэр түүнд “Хэрэв тэд Мосе болон Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ” гэжээ гэв.