2 1Тэр өдрүүдэд газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг гарчээ. 2Энэ нь Куирини Сирийн захирагч байсан үед хийсэн анхны тооллого байлаа. 3Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав. 4Иосеф Давидын удмын хүн байсан тул бас Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу 5хүүхэдтэй болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр явав. 6Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж, 7тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.
8Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байжээ. 9Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ. 10Тэнгэр элч тэдэнд
-Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа. 11Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. 12Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. 13Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан,
14-Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв. 15Тэнгэр элч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биедээ
-Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ. 16Тэд яаран ирж, Мариа, Иосеф болон тэжээлийн тэвшин дотор хэвтэж буй Хүүг олж очив. 17Тэд үүнийг хараад мөнөөх Хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. 18Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ. 19Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм. 20Өөрсдөд нь хэлүүлсний дагуу сонсож, үзсэн болгоныхоо төлөө хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа.
21Найман өдрийн дараа Түүний хөвчийг хөндөн Түүнд Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэр элч энэ нэрийг өгсөн ажээ.
22Мосегийн хууль ёсоор цэвэрших өдрүүд нь дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав. 23Энэ нь “Хэвлийг нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно” гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм. 24Ингэхдээ Эзэний хуульд “Хос хүүрзгэнэ эсвэл тагтааны хоёр дэгдээхийг” гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ. 25Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт шударга агаад сүсэгт нэгэн байв. Тэр Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа. 26Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ. 27Тэр хүн Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд иржээ. Хүү Есүсийн төлөө Хуулийн ёслолыг үйлдэхийн тулд эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед нь 28Симеон Хүүг гар дээрээ авч, Бурханыг магтаад
29-Эзэн, Та Өөрийн үгийн дагуу боол намайгаа амар тайван явуултугай.
30Учир нь Миний нүд Таны авралыг харлаа.
31Та үүнийг бүх ард түмний өмнө бэлдсэн билээ.
32Энэ нь харь үндэстэнд илчлэлийн гэрэл,
Таны ард түмэн болох Израилийн алдар нь болой 33Хүүгийн эцэг эх Түүний тухай хэлсэн энэ үгэнд ихэд гайхаж байлаа. 34Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад
-Харагтун, энэ Хүүхэд Израильд олныг унагах, босгох болон эсэргүүцэх тэмдгийн төлөө томилогджээ. 35Сэтгэл чинь хүртэл илдэнд нэвт сүлбэгдэх болно. Эцэст нь олон түмний зүрхний бодол санаа илчлэгдэнэ гэв. 36Мөн тэнд Ашер овгийн Фануелын охин Анна гэгч эш үзүүлэгч нас өндөр эмэгтэй байв. Тэр гэрлэснийхээ дараа нөхөртэйгөө долоон жил хамт амьдраад 37дараа нь наян дөрвөн нас хүртлээ бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг хэзээ ч орхисонгүй. 38Энэ мөчид Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив.
39Тэд Эзэний Хуулийн дагуу бүгдийг гүйцэлдүүлсний дараа Галил уруу өөрсдийнхөө Назар хот уруу буцжээ. 40Хүүхэд өсөж, хүчирхэг болон мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы нигүүлсэл Түүн дээр байсан юм.
41Түүний эцэг эх жил бүр Дээгүүр Өнгөрөх баяраар Иерусалим уруу явдаг байв. 42Түүнийг арван хоёр настай байхад нь Баярын заншил ёсоор тэд мөн тийш явцгаав. 43Тогтсон хоногуудын тоог гүйцээсний дараа тэд буцахад Есүс хүү Иерусалимд үлджээ. Эцэг эх нь ч үүнийг анзаарсангүй. 44Харин Түүнийг жингийн цуваан дунд яваа хэмээн бодож, аяныхаа нэг өдрийг ардаа өнгөрөөжээ. Тэд Түүнийг төрөл садан болоод танилуудынхаа дунд хайж эхлэв. 45Тэд Түүнийг олсонгүй. Тэгээд Есүсийг хайн Иерусалим уруу буцан ирэв. 46Гурван өдрийн дараа тэд Түүнийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож, мөн тэднээс асууж байхад нь олжээ. 47Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв. 48Тэд Түүнийг хараад гайхаж, эх нь Түүнд
-Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? Эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа гэхэд, 49Тэр
-Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү? гэв. 50Түүний хэлсэн үгийг тэд ойлгосонгүй. 51Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, тэдний үгэнд дуулгавартай байв. Энэ бүхнийг нь Түүний эх зүрх сэтгэлдээ нандигнан хадгалсан юм. 52Есүсийн бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ.