6 1Нэгэн Амралтын өдөр Тэр тариан талбайгаар дайран өнгөрч байлаа. Шавь нар нь тариан түрүү шувтран авч гартаа цайруулан идэж байжээ. 2Харин фарисайчуудын зарим нь
-Та нар чинь Амралтын өдөр хууль бус зүйл юунд үйлдэнэ вэ? гэхэд 3Есүс
-Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг нь та нар уншаагүй юу? 4Тэр Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас авч идсэн төдийгүй мөн нөхөддөө өгсөн шүү дээ гээд, 5тэдэнд
-Хүний Хүү нь Амралтын өдрийн Эзэн мөн гэлээ.
6Өөр нэгэн Амралтын өдөр Түүнийг синагогт орж, сургаалаа зааж байхад тэнд баруун гар нь хатангиржсан хүн байжээ. 7Фарисайчууд болон хуулийн багш нар Түүнийг буруутгах шалтаг олохын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх эсэхийг нь ажиглан ширтэж байлаа. 8Харин Тэр тэдний бодлыг мэдээд, хатангир гартай хүнд
-Бос, урагшаа гар гэсэнд, тэр босож урагшаа гарлаа. 9Есүс тэдэнд хандан
-Би та нараас асууя, Амралтын өдөр сайныг эсвэл мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь ёсонд нийцэх вэ? гээд, 10тэднийг бүгдийг нь тойруулан харснаа түүнд
-Гараа сунга гэв. Тэр хүн гараа сунгахад гар нь зүгээр болсон байлаа. 11Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцацгаав.
12Тэдгээр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв. 13Өглөө болоход Тэр шавь нараа Өөр уруугаа дуудаад, тэднээс арван хоёрыг сонгон, элч нар гэж нэрлэжээ. 14Тэдгээр нь Петр гэж нэрлэгдсэн Симон болон түүний дүү Андрей, Иаков, Иохан, Филип, Бартоломай, 15Матай, Томас, Алфайн хүү Иаков, Зеалот гэгдэх Симон, 16Иаковын хүү Иудас, урвагч болсон Искариотын Иудас нар болой. 17Тэгээд Тэр тэдний хамт уруудан бэлд буун ирж зогсов. Тэнд асар олон дагалдагч нар нь байсан бөгөөд бүх Иудей, Иерусалим, Тир болон Сидоны эрэг хавийн нутгуудаас ирсэн үй олон хүн 18Түүнийг сонсохоор, бас өвчнөө эдгээлгэхээр иржээ. Мөн бузар сүнсэнд зовоогдсон хүмүүс ч илааршиж байв. 19Түүнээс хүч гарч, бүгдийг эдгээж байсан учир цугласан олон бүгд Түүнд гар хүрэхийг чармайн байв.
20Есүс шавь нарын зүг харцаа хандуулан
-Ядуус та нар ерөөлтэй еэ! Учир нь Бурханы хаанчлал та нарынх юм. 21Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар инээх болно. 22Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хавчин, доромжилж, нэрийг чинь хорон муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ! 23Тэр өдөр баярла, баясан цовхч. Юу гэвэл тэнгэр дэх та нарын шагнал агуу билээ. Учир нь тэдний эцэг өвгөд эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм. 24Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвширлаа дүүрнээр хүлээн авсан. 25Эдүгээ цатгалан буй та нар золгүй еэ! Учир нь та нар өлсөх болно. Эдүгээ инээж буй та нар золгүй еэ! Учир нь та нар гашуудан уйлах болно. 26Бүх хүмүүс та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй еэ! Учир нь тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.
27Харин сонсогч хүмүүст Би хэлж байна. Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. 28Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир. 29Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Дээлийг чинь булаан авсан хүнээс цамцаа бүү харамла. 30Гуйсан хүн бүрд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх. 31Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд. 32Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрладаг хүмүүсийг хайрладаг шүү дээ. 33Хэрэв та нар өөрт чинь сайныг үйлддэг хүмүүст сайныг үйлдвэл та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл мөн л тийн үйлддэг шүү дээ. 34Хэрэв та нар эргүүлэн авна гэсэн хүмүүстээ зээл өгөх аваас та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өгснийхөө чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл өгдөг. 35Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал тань агуу байх бөгөөд та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм. 36Та нарын Эцэг өршөөнгүй. Түүнчлэн өршөөнгүй байгтун. 37Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана. 38Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ. 39Тэр мөн тэдэнд сургаалт зүйрлэлээр
-Сохор нь сохроо газарчилж чадна гэж үү? Хоёулаа нүхэнд унах биш үү? 40Шавь нь багшийнхаа дээр байдаггүй. Харин бүрэн суралцсаныхаа дараа хүн бүр багш шигээ болно. 41Өөрийн нүдэн дэх дүнзээ ажиглаагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? 42Эсвэл чи нүдэндээ байх дүнзийг мэдээгүй атлаа ах дүүдээ “Ах минь, би нүдэнд чинь байгаа үртсийг аваадахъя” гэж яаж хэлж чадна вэ? Хоёр нүүртэн чи эхлээд өөрийн нүдэн дэх дүнзийг авч хая. Тэгж байж л чи сайн харж, ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг авна шүү дээ. 43Учир нь муу үр жимс ургуулдаг сайн мод гэж байхгүй, түүнчлэн сайн үр жимс ургуулдаг муу мод гэж байхгүй. 44Аливаа мод үр жимсээрээ танигддаг. Хүмүүс үүргэнээс инжрийг түүдэггүй шүү дээ. Мөн өргөст бутнаас усан үзэм түүхгүй. 45Сайн хүн зүрхнийхээ үнэт баялгаас сайныг гаргадаг. Хорон муу нэгэн хорон муу баялгаасаа мууг гаргадаг аж. Учир нь зүрх нь юугаар дүүрснийг ам нь ярьдаг.
46Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд Миний айлдсаныг хийдэггүй юм бэ? 47Над уруу ирж, үгийг минь сонсоод түүнийхээ дагуу үйлдэгч аливаа хүн хэнтэй адил болохыг та нарт Би харуулъя. 48Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан нэгэнтэй адил юм. Үер бууж гол халин байшинг нүдсэн боловч хөдөлгөж чадсангүй. Юу гэвэл байшин бат бөх баригдсан ажээ. 49Харин сонсоод, үүнийхээ дагуу үйлддэггүй нэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл үлэмж болов гэж сургалаа.