4 1Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цөлд Сүнсээр хөтлөгдөн, 2дөчин өдрийн турш диаволд соригджээ. Тэр үеийн турш Тэр юу ч идээгүй учир тэдгээр өдрүүдийг дууссаны дараа ихэд өлсжээ. 3Диавол Түүнд
-Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунд талх бол гэж тушаа л даа гэв. 4Есүс
-“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” гэж бичигдсэн байдаг гэлээ. 5Дараа нь тэр Түүнийг дээш аваачаад, хоромхон зуур дэлхийн бүх хаанчлалуудыг үзүүлэв. 6Тэгээд диавол Түүнд
-Энэ бүх эзэмшил болон тэдгээрийн сүр хүчийг би Чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би үүнийг хүссэн хүндээ өгч чадна. 7Тиймээс хэрэв Чи надад мөргөвөл, энэ бүгд Чинийх болно гэхэд 8Есүс түүнд
-“Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг гэв. 9Тэр Түүнийг Иерусалим уруу аваачаад сүмийн орой дээр зогсоогоод, түүнд
-Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол эндээс доошоо үсэр.
10“Чамайг хамгаалах үүргийг Тэр тэнгэр элч нартаа өгнө”
11мөн
“Тэд гар дээрээ Чамайг өргөөд авч явна.
Ингэснээр Чи хөлөө чулуунд цохихгүй юм” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэнд,
12Есүс
-“Чи өөрийн Бурхан Эзэнээ сорьж үл болно” гэж бас айлдсан байдаг гэлээ.
13Диавол хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ.
14Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа. 15Тэр синагогуудад нь сургаал зааж эхэлсэн агаад бүгд Түүнийг магтан шагшицгааж байв.
16Есүс Өөрийн өссөн хот Назартаа ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Судраас уншихаар босов. 17Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн, доор бичигдсэн хэсгийг олоод,
18-Эзэний Сүнс Над дээр байна.
Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж
Тэр Намайг тосолсон юм.
Тэр Намайг илгээсэн нь
Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах,
Сохруудад хараа оруулах,
Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу,
19мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой 20номоо хуйлж, харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа. 21Тэр тэдэнд хандаж
-Энэхүү Судар өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав. 22Бүгд Түүний тухай сайнаар ярьж, Түүний амнаас гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд
-Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа. 23Тэр тэдэнд
-“Эмч ээ, өөрийгөө анагаа” гэх зүйр үгийг та нар Надад хэлж, Капернаумд үйлдсэн гэж бидэнд сонсогдсон бүхнээ энд, төрөлх хотдоо бас үйлдээч гэх байх л даа гээд, 24Тэр
-Үнэнээр Би та нарт хэлье. Нэг ч эш үзүүлэгч төрөлх хотдоо хүндлэгддэггүй. 25Харин Би та нарт үнэнээр хэлье. Елиагийн өдрүүдэд гурван жил зургаан сарын турш тэнгэр хаагдан бүх газар их өлсгөлөн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан. 26Гэсэн хэдий ч Елиа тэдний хэн уруу ч илгээгдэлгүй харин зөвхөн Сидон нутгийн Зарефат хэмээх нэгэн бэлэвсэн эмэгтэй уруу илгээгджээ. 27Мөн эш үзүүлэгч Елишагийн үед Израильд уяман өвчтэй байсан олон хүнээс нэг нь ч цэвэршээгүй атал зөвхөн Сирийн Нааман гэгч цэвэршжээ гэв. 28Синагогт байгсад бүгд үүнийг сонсоод уур хилэнгээр дүүрч, 29босон харайж, Есүсийг хотоосоо гаргажээ. Тэгээд Түүнийг цохионоос түлхэн унагахаар толгодын орой уруу авчрав. Тэдний хот тэнд баригдсан ажээ. 30Харин Тэр тэдний дундуур өнгөрч, Өөрийнхөө замаар одлоо.
31Тэрээр уруудан явж, Галилын Капернаум хотод ирээд, Амралтын өдөр хүмүүст сургаал зааж байлаа. 32Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхан шагшиж байлаа. 33Синагогт бузар чөтгөрийн сүнсэнд эзэмдүүлсэн нэгэн хүн байсан агаад тэр чанга дуугаар
34-Хүүе, Назарын Есүс ээ, бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг хөнөөхөөр ирсэн үү? Би Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг мэднэ гэхэд 35Есүс түүнийг зэмлэж,
-Дуугүй бай. Түүнээс зайл! гэлээ. Тэгтэл чөтгөр түүнийг хүмүүсийн дунд унагаагаад, хөнөөлгүйгээр түүнээс гарч одов. 36Тэд бүгдээрээ гайхширч, өөр хоорондоо
-Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд гарцгаав гэж ярилцаж эхлэв. 37Түүний тухай зар хавийн бүх газраар тархаж байлаа.
38Есүс босож, синагогаас гараад, Симоны гэрт ороход түүний хадам эх маш их халуунтай шаналж байжээ. Тэд Симоны хадам эхийн төлөө Түүнээс гуйв. 39Есүс хадмынх нь дэргэд зогсоод, халууныг зэмлэхэд халуун нь буужээ. Тэр даруй хадам эх нь босож, тэднийг зочлов.
40Нар жаргах үеэр элдвийн өвчтэй хүмүүсийг Есүс уруу авчирсанд Тэр хүн бүр дээр гараа тавин, тэднийг эдгээж байлаа. 41Чөтгөрүүд олон хүмүүсээс гарч,
-Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхирч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг зэмлэж, тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа.
42Үүр цайх үеэр Есүс явж, эзгүй газар очсон боловч олон түмэн Түүнийг хайж байв. Тэгээд тэд Түүн уруу ирж, Есүсийг өөрсдөөсөө явуулахгүй байхыг хичээцгээж байлаа. 43Харин Тэр тэдэнд
-Би Бурханы хаанчлалыг өөр хотуудад бас тунхаглах ёстой. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ гэв.
44Тэр Иудейн синагогуудад сургаалаа айлдсаар байлаа.