4 1Ехүдийг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд дахин мууг үйлдэв. 2Тиймээс ЭЗЭН тэднийг Хазорт хаанчилж байсан Канааны хаан Иабины гарт тушаав. Иабины цэргийн удирдагч нь Сисера бөгөөд тэр Харошет-хагоимд амьдарч байв. 3Тэд есөн зуун төмөр тэрэгтэй байсан бөгөөд хорин жилийн турш Израилийн хөвгүүдийг харгислан дарлаж байсан тул Израилийн хөвгүүд ЭЗЭНээс хашхиран гуйв.
4Тэр үед Лаппидотын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Дебора Израилийг шүүж байв. 5Тэр эмэгтэй Ефраимын уулархаг нутаг дахь Рама болон Бетелийн дунд байдаг Деборагийн далдуу модны доор суудаг байв. Израилийн хөвгүүд маргаанаа таслуулж, шүүгдэхийн тулд түүн дээр ирдэг байлаа. 6Кедеш-нафталид амьдардаг Абиноамын хөвгүүн Баракт, Дебора элч илгээж,
-Харагтун, Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрсийг дагуул. 7Би Иабины цэргийн жанжин Сисераг тэрэгнүүдтэй нь болон олон цэрэгтэй нь хамт Кишон голын зүг та нар уруу явуулж, та нарын гарт тушаана” гэв гэж хэлүүлэв. 8Тэгтэл Барак Деборад
-Хэрэв та надтай хамт явбал, би явна. Харин та надтай хамт явахгүй бол би явахгүй гэв. 9Дебора
-Мэдээж би чамтай хамт явна, харин чиний хийх гэж буй аянд чи алдаршихгүй, учир нь ЭЗЭН Сисераг нэгэн эмэгтэйн гарт тушаана гэв. Ингээд Дебора босож, Барактай хамт Кедеш уруу явав. 10Барак Зебулун болон Нафталийг Кедешт дуудан цуглуулж, арван мянган эрс түүнийг дагасан бөгөөд Дебора ч түүний хамт явав.
11Кен хүн Хебер нь Мосегийн хадам эцэг Хобабын хөвгүүд болох кенчүүдээсээ салж, Кедешийн ойролцоо байх Заананним дахь царс модны дэргэд майхнаа босгов.
12Абиноамын хөвгүүн Барак Табор ууланд гарсныг хүмүүс Сисерад хэлсэнд, 13Сисера өөрийн есөн зуун төмөр тэргээ, өөртэйгөө хамт байсан бүх хүмүүсээ Харошет-хагоимаас Кишон гол уруу цуглуулжээ. 14Дебора Баракт хандан
-Бос! Өнөөдөр ЭЗЭН чиний гарт Сисераг өгнө. Үзэгтүн, ЭЗЭН чиний өмнө явсан гэв. Ингээд Барак Табор уулаас арван мянган эрсийг дагуулан буулаа. 15ЭЗЭН Баракийн өмнө Сисера болон түүний бүх тэрэг, цэргүүдийг илдний ирээр хядсанд, Сисера тэргээ хаян, явганаар зугтан одлоо. 16Харин Барак тэрэг болон цэргүүдийг нь Харошет-хагоимаас холын холд нэхэн хөөж, Сисерагийн цэргүүдийг нэгийг ч үлдээлгүй бүгдийг илдний ирээр цавчин унагаав.
17Харин Сисера Кен хүн Хеберийн эхнэр Иаелын майхан уруу явган зугтаж ирэв. Учир нь Хазорын хаан Иабин нь Кен хүн Хеберийн гэр бүлийнхэнтэй сайн харьцаатай байв. 18Иаел Сисераг угтан гарч ирээд, түүнд
-Орж хайрла, эзэнтэн минь. Манайд орж хайрла. Бүү эмээгтүн гэв. Сисера түүний майханд орсонд, Иаел түүнийг эсгийгээр бүтээв. 19Сисера түүнд
-Жаахан ус уулгаач. Би цангаж байна гэсэнд, Иаел сүүтэй байсан арьсан тулмыг онгойлгож, түүнд уулгаад, түүнийг дахин бүтээв. 20Сисера түүнд
-Чи майхны үүдэнд зогсоод, хэрэв хэн нэгэн нь ирж “Энд хүн байна уу?” гэж чамаас асуувал “Байхгүй” гэж хэлээрэй гэв. 21Харин Хеберийн эхнэр Иаел майхны гадас авч, гартаа алх барин сэмхэн түүн уруу ойртож очоод, чамархай уруу нь гадсаа шааж, газартай зоов. Сисера ядарсан байсан тул бөх унтсан байжээ. Ингээд Сисера нас барлаа. 22Барак Сисераг хөөж ирэхэд, Иаел түүнийг угтан гарч ирээд,
-Нааш ир, таны хайж байгаа хүнийг би танд харуулъя гэв. Барак майханд орж үзвэл, Сисера чамархайдаа майхны гадас зоолгоостой, үхсэн хэвтэж байлаа.
23Ийнхүү Бурхан тэр өдөр израильчуудын өмнө Канааны хаан Иабиныг номхруулав. 24Израилийн хөвгүүдийн гар Канааны хаан Иабины дээрээс улам улам дарсаар эцэст нь Канааны хаан Иабиныг устгав.