16 1Самсон Газад ирж, нэгэн янхан эмийг хараад, түүн дээр оров.
2-Самсон энд ирэв хэмээн Газынханд мэдэгдсэнд тэд тус газрыг бүсэлж, хотын хаалганд бүхэл шөнө нуугдан түүнийг хүлээв. Тэд бүхэл шөнийн турш нам гүм байж,
-Үүр цайтал хүлээж байгаад, түүнийг алъя хэмээн хэлэлцэцгээжээ. 3Самсон шөнө дунд хүртэл унтаад, шөнө дөлөөр босож, хотын хаалга болон хоёр баганыг нь авч, цуурга модтой нь хамт сугалж, мөрөн дээрээ тавин, Хеброны харалдаах уулын оройд үүрэн аваачив.
4Түүний дараа Сорекийн хөндийд амьдардаг Делила хэмээх эмэгтэйд Самсон дурлав. 5Филистийн ноёд тэр эмэгтэй уруу ирж, түүнд
-Самсоныг аргадан, түүний агуу хүч чадал хаана нь оршдогийг болон хэрхэн бид түүнийг дийлж, хүлээд, зовоож болох талаар олж мэдэгтүн. Тэгвэл бидний хүн нэг бүр чамд мянга нэг зуун мөнгөн зоос өгнө гэв. 6Тиймээс Делила Самсонд
-Чиний агуу хүч чадал юунд байгаа бөгөөд яавал чамайг хүлж зовоож чадах вэ? Надад хэлж өгөөч? хэмээн гуйсанд 7Самсон түүнд
-Хэрэв тэд намайг хатаагүй долоон шинэхэн нумын хөвчөөр хүлбэл би дорой болж, бусад хүний адил болно гэв. 8Филистийн ноёд хатаагүй долоон шинэхэн нумын хөвчийг өнөөх эмэгтэйд авчирсанд тэр түүгээр Самсоныг хүлэв. 9Тэр эмэгтэй мухрын өрөөндөө хэдэн хүнийг нуусан байв. Тэгээд тэр
-Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Гэвч Самсон бөх олсыг галд хүргэн таслах мэт нумын хөвчийг таслав. Ингээд түүний хүч чадлын нууц илчлэгдсэнгүй.
10Делила Самсонд
-Чи намайг мэхлэн, надад худал хэлсэн билээ. Чамайг юугаар хүлж болохыг одоо надад хэл л дээ гэв. 11Самсон түүнд
-Хэрэв тэд хэрэглэж байгаагүй цоо шинэ олсоор намайг чанга хүлбэл би дорой болж, жирийн хүний адил болно гэв. 12Делила цоо шинэ олс авч, түүнийг хүлээд
-Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Мухрын өрөөнд хэдэн эрчүүд нуугдсан байлаа. Гэвч Самсон тэр олсыг утас мэт таслан гараасаа унагав.
13Дараа нь Делила Самсонд хандан
-Өнөөг хүртэл чи намайг мэхлэн, надад худал хэлэв. Чамайг хэрхэн хүлж болохыг надад хэл хэмээн шаардав. Самсон түүнд
-Хэрэв чи миний толгойн долоон туг үсийг нэхэж, [хадаасаар хадвал би дорой болж, жирийн хүний адил болно гэв. 14Тийнхүү түүнийг унтаж байхад нь Делила түүний үснээс долоон туг үсийг нэхжээ.] Тэр үсийг нь хадаасаар хадаад
-Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Гэвч Самсон нойрноос сэрж, хадаасыг нэхмэлийн хамт угз татав.
15Тэгтэл нөгөө хүүхэн Самсонд
-Зүрх сэтгэл чинь надаас хөндий атал “Би чамд хайртай” гэж чи яаж надад хэлж чадна вэ? Чи намайг гурвантаа мэхлэн, чиний агуу хүч чадал юунд байгааг надад хэлсэнгүй хэмээв. 16Тэр өдөр бүр түүнийг үгээрээ дарамтлан зовоосонд, түүний сэтгэл санааг мохоов. 17Ингээд Самсон түүнд өөрийн сэтгэлд буй бүгдийг ярьж,
-Миний толгойд тонгорог хүргэсэн удаагүй. Учир нь би эхийн хэвлийд байхаасаа Бурханы Назир хүн байв. Хэрэв миний үсийг хусвал миний хүч чадал надаас зайлж, би доройтон жирийн хүний адил болно гэв.
18Самсон өөрийнхөө сэтгэлд буй бүгдийг ярьсныг Делила хараад, хүн явуулж, Филистийн ноёдыг дуудан
-Дахин нэг удаа хүрч ирэгтүн. Учир нь Самсон өөрийн зүрх сэтгэлийн хамаг бүхнээ надад дэлгэсэн гэж хэлүүлэв. Тэгэхэд Филистийн ноёд түүн уруу мөнгөө барьж ирэв. 19Өнөөх эмэгтэй Самсоныг өвдөг дээрээ унтуулж, нэгэн хүнийг дуудан, Самсоны толгойн долоон туг үсийг хусуулжээ. Дараа нь тэр түүнийг зовоож эхэлсэнд Самсоны хүч алга болжээ. 20Өнөөх эмэгтэй
-Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж,
-Би урьдын адил гарч яван, биеэ сэгсэрье хэмээн өгүүлэв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй. 21Тэгэхэд филистчүүд түүнийг барьж, нүдийг нь сохлоод, Газад авчран, хүрэл гинжээр дөнгөлөв. Ингээд Самсоныг шоронд буудай тээрэмдүүлдэг болов. 22Үсийг нь хуссанаас хойш Самсоны толгойн үс дахин ургаж эхлэв.
23Филистийн ноёд
-Бидний дайсан Самсоныг
манай бурхан бидний гарт тушаав 24Ардууд Самсоныг хараад, өөрсдийн бурхныг магтан,
-Улс орныг минь хоосруулж,
биднээс олныг хороосон бидний дайсныг манай бурхан бидний гарт тушаав 25Тэдний зүрх хөөрөхөд тэд
-Самсоныг дуудан авчир. Тэр биднийг хөгжөөг хэмээн хашхирцгаав. Тийнхүү тэд Самсоныг шоронгоос дуудан гаргасан бөгөөд тэр тэднийг хөгжөөж өгөв. Тэд Самсоныг багануудын хооронд зогсоосон билээ. 26Тэрээр гарыг нь барьж байсан залууд
-Энэ дуганы тулгуур баганад хүрч, түшихийг зөвшөөрөөч гэв. 27Дуганд дүүрэн хүмүүс байсан бөгөөд Филистийн ноёд бүгд тэнд байжээ. Дуганы дээвэр дээрээс бараг гурван мянган эрэгтэй, эмэгтэй хүн Самсоны хөгжөөхийг харж байлаа.
28Тэгэхэд Самсон ЭЗЭНийг дуудан
-Эзэн БУРХАН минь, намайг санан соёрхооч. Бурхан минь, зөвхөн энэ удаа л надад хүчийг өгөөч. Би ганцхан л удаа хоёр нүднийхээ төлөө филистчүүдээс өшөөгөө авъя хэмээн гуйв. 29Самсон дуганыг тулж байсан голын хоёр баганын нэгийг нь баруун гараараа, нөгөөг нь зүүн гараараа тулав. 30Тэгээд Самсон
-Филистчүүдтэй хамт үхье хэмээн өгүүлж, хамаг чадлаараа түлхсэнд дуган нурж, дотор нь байсан ноёд болон бүх ардыг дарав. Ийнхүү үхэхдээ Самсоны алсан хүмүүс нь түүний амьд байхдаа алсан хүмүүсээс ч олон байв. 31Дараа нь түүний ах дүүс болон эцгийнх нь гэрийн хүмүүс бүгд буун ирж, түүнийг авч, Зора болон Ештаолын хооронд орших эцэг Маноагийн булшинд авчран оршуулав. Ийнхүү Самсон хорин жилийн турш Израилийг шүүв.