18 1Тэр үед Израилийн хаан гэж байгаагүй. Тэр үед Дан овгийнхон суурьших өвийн нутгаа хайсаар байв. Учир нь тэр өдрийг хүртэл Израилийн овгуудын дунд тэдэнд эзэмших өвийн газар ногдоогүй байлаа. 2Тиймээс Даны хөвгүүд өөрсдийн бүлийг төлөөлүүлэн бүх хүмүүсээсээ таван зоригт эрсийг Зора болон Ештаолоос газар хайж судлуулахаар илгээж, тэдэнд
-Явж, газрыг судлагтун гэв. Тэд Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт ирж, тэндээ хоноглов. 3Тэд Микагийн гэрийн ойролцоо байхдаа Леви залуугийн дууг таньжээ. Тэгээд тэднийд орж,
-Хэн чамайг энд авчрав? Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд чамд юу байна вэ? хэмээн түүнээс асуув. 4Тэр тэдэнд
-Мика надад ийнхүү хандан, намайг хөлсөлж, би түүний тахилч болсон юм гэж өчив. 5Тэд түүнд хандан
-Бидний хийж буй аян бүтэмжтэй болох эсэхийг бидэнд мэдүүлэхийг Бурханаас асууж өгнө үү? гэж гуйв. 6Тахилч тэдэнд
-Амар тайван явагтун. Та нарын хийж буй аяныг ЭЗЭН зөвшөөрчээ гэв.
7Тэгээд таван эр цааш яван, Лаишт хүрч, тэндхийн оршин суугчид Сидон хүмүүсийн адил санаа зовох юмгүй, амар тайван сууж буйг харав. Энэ газарт дутах юм юу ч үгүй, хавчих хүн ч үгүй ажээ. Тэд Сидон хүмүүсээс алс байдаг тул хэнтэй ч холбоо харьцаагүй байв. 8Туршуулууд Зора болон Ештаолд буй ах дүү нар дээрээ буцаж ирэхэд ах дүүс нь
-Ямар мэдээтэй ирэв? гэсээр угтлаа. 9Тэд
-Босоцгоо, тэдэн уруу довтолцгооё. Бид тэр газрыг үзсэн бөгөөд тэр нь маш сайн газар юм. Та нар суусаар л байх уу? Явж, тэр газар уруу нэвтэрч, тэр газрыг эзлэхийг бүү хойшлуул. 10Та нар нэвтрэхдээ амар амгалан хүмүүстэй, өргөн уудам нутагт очих болно. Юу гэвэл Бурхан үүнийг та нарын гарт тушаав. Тэр нь дэлхийд байгаа ямар ч зүйлсээр дутагдахгүй нутаг билээ гэв.
11Тэгээд Даны өрхөөс буюу Зора ба Ештаолоос дайны зэвсэг агссан зургаан зуун хүн аянд гарчээ. 12Тэд явсаар, Иудагийн Кириат-иеаримд буудаллав. Тийм учраас тэд энэ өдрийг хүртэл тэр газрыг Махане-дан хэмээн нэрлэсэн юм. Энэ нь Кириат-иеаримын баруун талд байгаа. 13Тэд тэндээс явж өнгөрөн, Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт хүрэв.
14Тэгээд Лаиш нутгийг тагнахаар явсан таван хүн нь хамаатнууддаа хандан
-Эдгээр гэрүүдийн дотор ефод, терафим, сийлмэл болон цутгамал хөрөг дүрсүүд байгааг та нар мэдэх үү? Одоо тэгэхлээр та нар юу үйлдэх ёстойгоо мэд гэв. 15Тэд эргэн яваад, нөгөө залуу Леви хүний гэрт буюу Микагийн гэрт очиж, түүний амар мэндийг асуув. 16Дайтах зэвсэг агссан зургаан зуун Дан хүн хаалганы үүдэнд зогсож байлаа. 17Тахилч нь дайны зэвсэг агссан зургаан зуун хүний хамт хаалганы үүдэнд зогсож байх зуур тэр газрыг тагнахаар явсан таван хүн нэвтрэн орж, сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг ч авчээ. 18Тэдгээр хүмүүс Микагийн гэрт орж, сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг авсанд, тахилч тэднээс
-Та нар юу хийж байгаа нь энэ вэ? гэж асуув. 19Тэд түүнд
-Дуугүй бай. Чи гараараа амаа таглаж, бидний хамт явж, бидний эцэг болон тахилч бологтун. Үүний хувьд ганц хүний гэрийн тахилч байх нь дээр үү, эсвэл Израилийн овог, ургийн тахилч байх нь дээр үү? гэв. 20Тахилчийн сэтгэл хөөрч, тэрээр ефод, гэрийн шүтээнүүд, сийлмэл хөрөг дүрсийг авч, хүмүүсийн дунд орж явлаа.
21Ингээд тэд эргэн, үр хүүхдүүд, мал, хөрөнгөө өмнөө оруулан аян замаа үргэлжлүүлэв. 22Тэд Микагийн гэрээс нилээд холдсон хойно Микагийн хөрш айлуудын эрчүүд цуглан, Даны хөвгүүдийн араас хөөж гүйцэв. 23Тэд Даны хөвгүүд уруу хашхиралдсанд эргэж хараад Микад
-Та нар чинь бөөнөөрөө цуглаад юу болов? гэв. 24Мика
-Та нар миний бүтээсэн бурхад болон миний тахилчийг авч явчихаад надад юу үлдээсэн юм бэ? Тэгээд та нар надад “Чи юу болов?” гэж яаж хэлж чадаж байна вэ? гэлээ. 25Даны хөвгүүд Микад
-Бидний дундаас бүү чалч. Эс тэгвэл догшин хилэнтэй хүмүүс чамайг довтлон, чи өөрийнхөө амийг өөрийн гэрийнхний амьтай хамт алдах болно гэв. 26Ингээд Даны хөвгүүд замаа хөөн одов. Тэдний өөрөөс нь илүү хүчтэйг Мика хараад, эргэн гэр өөд буцлаа.
27Тэд Микагийн бүтээсэн юмсыг болон түүний тахилчийг авч, Лаишт ирээд, амар амгалан ба санаа зовох юмгүй хүмүүс уруу ирж, тэднийг илдний ирээр цавчлан, хотыг галдан шатаав. 28Тэр хот Сидоноос алс хол оршдог бөгөөд тэд хэн нэгэнтэй харилцаа байхгүй учир тэднийг аврах хүн ганц ч байсангүй. Тэр хот Бет-рехобын ойролцоо хөндийд байв. Тэд хотыг сэргээн босгож, тэндээ суурьшив. 29Тэд тэр хотыг Израильд төрсөн өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн нэрлэжээ. Харин хотын нэр урьд нь Лаиш гэдэг байжээ. 30Даны хөвгүүд өөрсдөдөө зориулан сийлмэл шүтээнийг босгов. Манассегийн хөвгүүн, Гершомын хөвгүүн Ионатан болон түүний хөвгүүд газар нутаг нь боолчлогдох өдрийг хүртэл Дан овгийн тахилч нар байв. 31Ийнхүү Бурханы өргөө Шилод байх бүх үеийн туршид тэд Микагийн бүтээсэн хиймэл шүтээнийг өөрсдөдөө зориулан тавьсан байв.