20 1Дараа нь Гилеадын нутгийг хамруулан, Данаас Беершеба хүртэлх бүх Израилийн хөвгүүд ирцгээн, ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав. 2Бүх ард түмний удирдагч буюу Израилийн бүх овгуудын удирдагчид Бурханы хүмүүсийн буюу илд агссан дөрвөн зуун мянган дайчдын чуулганд байраа эзлэв. 3(Израилийн хөвгүүд Мизпад хүрч ирснийг Бениамины хөвгүүд сонсов.) Израилийн хөвгүүд
-Энэ зэрлэг балмад үйлдэл хэрхэн болсныг бидэнд өчигтүн? хэмээн асуулаа. 4Алагдсан эмэгтэйн нөхөр болох Леви хүн хариулан хэлсэн нь
-Би татвар эмийнхээ хамт Бениамины Гибеад шөнийг өнгөрөөхөөр ирсэн билээ. 5Гэтэл Гибеагийн эрчүүд миний эсрэг босоцгоож, надаас болж шөнөөр байшинг бүсэлсэн билээ. Тэд намайг алахаар төлөвлөсөн боловч оронд нь миний татвар эмийг хүчирхийлсэнд тэр үхсэн. 6Би татвар эмээ авч, цогцсыг нь хэсэглэн хуваагаад, Израилийн өв болох бүх газруудаар илгээв. Учир нь бениаминчууд Израильд ийм бузар ичгүүрт хэргийг үйлдсэн юм. 7Үзэгтүн, та нар бүгд Израилийн хөвгүүд. Энд бодол, зөвлөгөөгөө хэлнэ үү? гэв.
8Тэгтэл бүх хүн нэг хүн мэт босож
-Бидний нэг нь ч өөрийн майхан уруу явахгүй. Бидний хэн ч өөрийн гэрт буцахгүй. 9Харин одоо Гибеад бидний хийх зүйл гэвэл, шодоход буусны дагуу бид Гибеагийн эсрэг мордоно. 10Хүмүүсийн хүнсийг хангахаар Израилийн бүх овгоос зуун хүнээс арван хүнийг, мянган хүнээс зуун хүнийг, арван мянган хүнээс мянган хүнийг бид авна. Цэргүүд Бениамины Гибеад очин, Израильд үйлдсэн тэдний бүх ичгүүрт хэргүүдийн төлөө шийтгэх болтугай гэв. 11Ийнхүү Израилийн хамаг эрчүүд бүгд нэг хүн мэт нэгдэн, тэр хотын эсрэг цугларав.
12Дараа нь Израилийн овгууд Бениамины хамаг овог даяар хүмүүсийг илгээн
-Та нарын дунд газар авсан бузар хэрэг чинь юу гээч вэ? 13Тэгэхлээр одоо Гибеа дахь тэдгээр үл бүтэх этгээдүүдийг тушаагтун. Бид тэднийг алж, Израилиас энэ бузар явдлыг зайлуулъя гэж хэлүүлэв. Гэвч Бениамины хөвгүүд өөрсдийн ах дүүс болох Израилийн хөвгүүдийг сонссонгүй. 14Израилийн хөвгүүдийн эсрэг дайтахаар Бениамины хөвгүүд хот бүрээс Гибеад цугларав. 15Тэр өдөр хот бүрээс цугларсан Бениамины хөвгүүдийг тоолоход Гибеагийн оршин суугчид болох шилэгдсэн долоон зуун эрчүүдээс гадна хорин зургаан мянган илд агсагч байсан билээ. 16Эдгээр бүх хүний дотор шилэгдсэн долоон зуун хүн бүгд солгой гартай байлаа. Тэд бүгд чулуугаар хялгасыг ч алдалгүй харваж чаддаг байлаа.
17Бениаминаас гадна Израилийн эрсийг тоолоход, илд агссан дөрвөн зуун мянган хүн байсан бөгөөд тэд бүгд дайчин эрс байв. 18Израилийн хөвгүүд босож, Бетелд очин, Бурханаас асуун,
-Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний төлөө хэн нь түрүүнд явах вэ? гэсэнд
-Иуда түрүүнд явах болно гэж ЭЗЭН айлдав.
19Ингээд Израилийн хөвгүүд өглөө босож, Гибеагийн эсрэг хуарагнан буув. 20Израилийн эрс Бениамины эсрэг тулалдахаар хөдөлж, Гибеад тэдний эсрэг талд байрлалаа эзлэв. 21Тэгэхэд Бениамины хөвгүүд Гибеагаас гарч ирэн, тэр өдөртөө хорин хоёр мянган Израилийн эрсийг газар дээр хөнөөв. 22Гэвч Израилийн эрчүүд болох ард олон өөрсдийгөө зоригжуулан, эхний өдөр байрлалаа эзэлсэн газартаа дахин тулалдахаар байрлалаа эзлэв. 23Израилийн хөвгүүд явж, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдан, ЭЗЭНээс асуун
-Миний дүү Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахаар бид дахин явах уу? гэв. ЭЗЭН
-Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа.
24Тэгээд хоёр дахь өдөр нь Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг ирэв. 25Бениамин ч өөдөөс нь Гибеагаас гарч ирээд, дахин Израилийн хөвгүүдээс арван найман мянган илд агссан хүнийг газар дээр хөнөөв. 26Тэгэхэд Израилийн бүх хөвгүүд, бүх ард түмэн Бетелд ирж уйлалдав. Ийнхүү тэд ЭЗЭНий өмнө суун үдэш хүртэл мацаг барьлаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт болон эвийн тахилуудыг өргөв. 27Израилийн хөвгүүд ЭЗЭНээс гуйв. (Учир нь тэр үед Бурханы гэрээний авдар Бетелд байв. 28Мөн тэр үед Аароны хөвгүүн болох Елеазарын хөвгүүн Финехас авдрын өмнө үйлчилж байв. Тэд
-Би өөрийн дүү Бениамины хөвгүүдийн эсрэг дахиад тулалдах уу, эсвэл болих уу? гэсэн билээ. ЭЗЭН
-Дайрагтун. Маргааш Би тэднийг та нарын гарт тушаах болно гэж айлдав.
29Тиймээс Израиль Гибеаг тойруулан отогчдыг тавив. 30Гурав дахь өдөр нь Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг хөдлөн, өмнөхийн адил Гибеагийн харалдаа байрлалаа эзлэв. 31Бениамины хөвгүүд ард түмний эсрэг гарч, хотоос холдов. Тэдний нэг хэсэг нь Бетел уруу, нөгөө хэсэг нь Гибеа тийших замд урьдын адил Израилийн эрсийг алж эхлэн, тэднээс гучийг нь зам дээр болон талд устгав. 32Бениамины хөвгүүд
-Тэд урьдын адил бидний өмнө цохигдлоо хэмээн хэлэлцэв. Харин Израилийн хөвгүүд
-Тэднийг хотоос холдуулан, зам уруу гаргахын тулд зугтацгаая гэцгээж байлаа. 33Тэгэхэд Израилийн хамаг эрчүүд байсан газраасаа босоцгоож, Баал-тамарт байрлалаа эзэлцгээв. Израилийн отогчид ч Мааре-геба дахь нуувчаасаа гарч ирэв. 34Бүх Израилиас шилэгдсэн арван мянган эрс Гибеагийн эсрэг довтлоход тулалдаан нь улам ширүүслээ. Харин өөрсдөд нь гай ойртож буйг Бениамин мэдсэнгүй. 35ЭЗЭН Израилийн өмнө Бениаминыг цохисонд тэр өдөр Израилийн хөвгүүд Бениамины илд агссан хорин таван мянга нэг зуун хүнийг алав. 36Бениамины хөвгүүд өөрсдийгөө ялагдсаныг мэдэв. Гибеагийн харалдаа нуугдаж буй отогчдод найдаж байсан учраас Израилийн эрс Бениаминд зам тавихад
37отогчид яаравчлан Гибеа уруу эрчээрээ довтлов. Отогчид бас цөмрөн ороод, хотыг бүхэлд нь илдний ирээр цавчив. 38Израиль эрчүүд болон отогчдын хооронд болзсон тэмдэг байсан бөгөөд энэ нь хотоос өтгөн утаа багшран гаргах тэмдэг байв. 39Тэгэхэд Израилийн эрчүүд эргэн тулалдах ёстой байв. Бениамин цохиж эхлэн, бараг гучаад Израиль хүнийг алж,
-Үнэхээр тэд анхны тулалдааны адил бидэнд цохигдон ялагдсан билээ хэмээн хэлцгээж байв. 40Харин хотоос өтгөн утаа олгойдон гарч эхлэхэд Бениамин эргэн хартал, бүх хотыг утаа нөмрөн, тэнгэрт хөөрч байв. 41Израиль хүмүүс эргэн дайрсанд, өөрсөд уруу нь гай ойртож буйг харсан бениаминчууд айцгаав. 42Израилийн эрсэд нуруугаа харуулан, цөл уруу зугтаасан боловч араас нь нэхэн тулалдсан ба хотуудаас гарч ирсэн хүмүүс ч нэгдэн тэднийг устгав. 43Израиль хүмүүс Бениаминыг бүслэн, тэднийг амс хийлгэлгүй нэхэн, Гибеагийн зэргэлдээ наран ургах зүгт бут цохив. 44Ингэж Бениамины арван найман мянган эрс алагдлаа. Тэд бүгд эрэлхэг дайчид байжээ. 45Үлдэгсэд нь эргэж, цөл тийш Риммоны хад уруу зугтаасан боловч израильчууд зам дээр тэднээс таван мянгыг нь барьж, үлдсэнийг нь Гидомд гүйцэж бариад хоёр мянган хүнийг алав. 46Тэр өдөр Бениаминаас алагдсан бүх хүмүүс нь сэлэм агссан хорин таван мянган эрс байлаа. Тэд бүгд эрэлхэг дайчид байв. 47Харин зургаан зуун хүн эргэн, цөл тийш Риммоны хад уруу зугтаан, тэндээ дөрвөн сарын турш бүгэв. 48Тэгэхэд Израилийн эрчүүд Бениамины хөвгүүд уруу буцаж, тэднийг болон хотуудыг нь довтлон, тэндхийн хүн, мал, хамаг юмсыг нь илдний ирээр сүйтгэж, галдан шатаав.