1 1Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул би [Ефест байгаа] болон Христ Есүс доторх итгэмжит, ариун хүмүүст илгээв. 2Бидний Эцэг Бурхан, Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.
3Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэрлэг газар дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн. 4Түүний өмнө биднийг ариун бөгөөд гэм зэмгүй байлгахын тулд Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Түүний дотор сонгосончлон, хайраараа 5Тэр Өөрийн хүслийн сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ. 6Энэ нь хайрлагдсан Түүний дотор бидэнд соёрхсон Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой. 7Түүний нигүүлслийн баялгийн дагуу Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг. 8Тэр бидэнд бүх мэргэн ухаан болон гүнзгий мэдлэг дотор тэрхүү нигүүлслээ бялхаажээ. 9Тэр Түүний дотор зорилго тавьж, Өөрийнхөө сайн тааллын дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв. 10Энэ нь цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ. 11Бүх юмсыг хүслийнхээ зөвлөгөөгөөр үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Түүний дотор өв залгамжлагчид болсон юм. 12Ингэснээр Христэд анхлан найдсан бид Түүний алдрын магтаалын төлөө байх юм. 13Түүний дотор та нар ч бас үнэний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссоны дараа, мөн Түүнд итгээд, амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан байв. 14Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд өгөгдсөн юм.
15Тиймээс би ч бас Эзэн Есүст итгэх та нарын итгэл болон бүх ариун хүмүүсийн төлөө гэсэн хайрыг чинь сонсоод, 16өөрийн залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархал өргөдгөө болихгүй. 17Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болох алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Түүнийг дүүрнээр мэдүүлж, 18[Та нарын] зүрхний мэлмийг гийгүүлэх болтугай! Ийнхүү та нар дуудлагын найдварыг хийгээд ариун хүмүүс дотор Түүний өв дэх алдрын баялгийг, 19мөн итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын хэмжээлшгүй сүр жавхланг мэдэх болтугай. Энэ хүч нь Түүний чадлын хүчний нөлөө билээ. 20Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж, Түүнийг үхэгсдээс амилуулаад тэнгэрт Өөрийн баруун гарт залж, 21бүх засаг захиргаа, эрх мэдэл, хүч, ноёрхол төдийгүй зөвхөн энэ үед ч биш мөн ирээдүйд нэрлэгдэх аливаа нэрээс ч эрхэм болгожээ. 22Бурхан бүх юмсыг Түүнд захируулахаар хөл дор нь тавьж, Түүнийг чуулганы төлөө бүх юмсын дээрх Тэргүүн болгожээ. 23Чуулган нь Түүний бие буюу бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэн байдал нь мөн.