3 1Үүний улмаас Паул би бол харь үндэстнүүд болох та нарын төлөөх Христ [Есүсийн] хоригдол мөн. 2Та нарын төлөө надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн нярвын үүргийн талаар та нар сонссон. 3Би урьд нь товчхон бичсэнчлэн тэрхүү нууц нь надад илчлэлтээр мэдэгдсэн юм. 4Та нар түүнийг уншаад, Христийн нууцын талаар миний ойлголтыг мэдэж чадна. 5Энэ нь өөр үеийнхэнд, хүний хөвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүгээ Сүнс дотор Түүний ариун элч нар ба эш үзүүлэгчдэд илчлэгдсэнээр 6харь үндэстнүүд энэхүү биеийн хамтран өв залгамжлагчид ба эрхтнүүд болох бөгөөд сайн мэдээгээр дамжуулан Христ Есүс дотор амлалтыг хамтран хуваалцагчид болжээ. 7Бурхан хүчний үйлчлэлээрээ надад өгсөн Түүний нигүүлслийн бэлгийн дагуу би сайн мэдээний үйлчлэгч болсон. 8Бүх ариун хүмүүсээс хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь Христийн нэвтэршгүй баялгийг харь үндэстэнд тунхаглаж, 9бүх юмсыг бүтээсэн Бурханы дотор үеэс үед нууцлагдаж байсан нууцын үйлчлэлийн үүрэг нь юу болохыг [бүгдэд] мэдүүлэхийн тулд байлаа. 10Ингэснээр эдүгээ чуулганаар дамжуулан Бурханы олон янзын мэргэн ухаан тэнгэрлэг газар дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд мэдэгдэх юм. 11Бидний Эзэн Христ Есүсийн дотор үйлдсэн мөнхийн зорилгын дагуу Тэр ингэсэн ажээ. 12Бид Христэд итгэх итгэлээрээ дамжуулж Түүнд зоримог байдал ба бат итгэлтэйгээр очиж болно. 13Тиймээс би та нараас гуйя. Та нарын төлөөх миний зовлон шаналлаас болж бүү зүрх алдаарай. Эдгээр нь та нарын алдар билээ.
14Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж, 15тэнгэр болон газар дахь бүхэл гэр бүлийг нэрлэдэг Түүнд залбирч байна. 16Тэр Өөрийн алдрын баялгийн дагуу Өөрийн Сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай. 17Ингэж итгэлээр Христ та нарын зүрхэнд нутаглаж, та нар хайр дотор үндэслэж суурилаад, 18бүх ариун хүмүүсийн хамт тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгох болтугай. 19Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрэнд хүртэл бялхсан байх болтугай.
20Эдүгээ, бидний дотор ажилладаг хүчний дагуу гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд 21алдар нь чуулган дотор, Христ Есүс дотор бүх үеийнхэнд үеийн үед байх болтугай. Амен.