4 1Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн ятгая. 2Ингэхдээ аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж, 3амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн. 4Та нар өөрсдийнхөө дуудлагын нэг найдвар дотор дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс, 5нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, 6нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжуулан бүгдийн дотор байдаг.
7Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл өгөгдсөн байв. 8Тиймээс
“Өндөрт дээш гарахдаа,
Тэр олон хоригдол олзлов.
Тэр хүмүүст бэлгүүд өгсөн” гэж хэлдэг.
9“Тэр дээш гарсан” гэдэг нь Тэр бас газрын доод хэсэгт буусан гэдгээс өөр ямар утгатай вэ? 10Доош буусан Тэр нь бүх юмсыг дүүргэхийн тулд бүх тэнгэрүүдийн дээр дээш гарсан Тэр Өөрөө мөн юм. 11Тэр заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ. 12Эдгээр нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм. 13Бид бүгд итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл, төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл ингэх ажээ. 14Үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдалгүй, 15харин хайр дотор үнэнийг ярин, тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой. 16Хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос бүрийн хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дотор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог.
17Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харь үндэстнүүд оюун санааны хоосрол дотроо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй. 18Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас, зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болж, Бурханы амиас хөндийрчээ. 19Тэд мэдрэмжгүй болж, зүсэн бүрийн бузар булайг шунахайран үйлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдийгөө тушаажээ. 20Харин та нар ийм замаар Христийг сураагүй. 21Есүс дотор үнэн байгаачлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол, 22чиний амьдралын урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ та нар тайлж, 23оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, 24зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс.
25Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биедээ эрхтнүүд юм. 26Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг. 27Диаволд байр бүү өг. 28Хулгайч хүн цаашид хулгай бүү хий. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэж, хөдөлмөрлө. 29Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө. 30Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан билээ. 31Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг. 32Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд.