5 1Тиймээс хайрлагдсан хүүхдүүд адил Бурханыг дуурайгчид болцгоо. 2Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дотор яв. 3Харин ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг. 4Бузар булай болон мунхаг яриа, эсвэл тоглоом тохуу нь зохимжгүй. Харин оронд нь талархлаа өргө. 5Садар самуун, бузар булайг үйлдэгч, шүтээнийг шүтэгч шунахай ямар ч хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар ойлго.
6Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Яагаад гэвэл эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм. 7Иймд тэдний хамсаатан байж болохгүй. 8Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв. 9Учир нь алив сайн, зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна. 10Ингэхдээ Эзэнд таалагдах юманд суралц. 11Харанхуй, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчлэгтүн. 12Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм. 13Харин бүх зүйлс гэрлээр илчлэгдэхдээ харагддаг. 14Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд
“Нойрсогч оо, сэр.
Үхэгсдээс бос.
Христ чиний дээр гэрэлтэх болно” 15Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. 16Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж. 17Тийм учраас бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар. 18Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана. Харин Сүнсээр дүүрэн байж, 19дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгэнтэйгээ ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиогтун. 20Бурхан болон Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө. 21Христээс эмээн нэг нэгэндээ захирагд.
22Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. 23Учир нь Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн. 24Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. 25Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. 26Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад 27түүнийг ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн ажээ. 28Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг. 29Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тэжээж, хамгаалдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг. 30Яагаад гэвэл бид Түүний биеийн эрхтнүүд юм. 31“Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлдэг. Тэр хоёр нэг махан бие болно”. 32Энэ нууц бол агуу билээ. Гэвч би Христ болон чуулганы тухай хэлж байна. 33Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.