2 1Та нар өөрсдийн нүгэл, хилэнц дотор үхсэн байв. 2Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан. 3Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан. 4Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа 5биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ. 6Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан 7нь Христ Есүс дотор бидэнд хандсан энэрлээр Өөрийн нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм. 8Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд 9үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно. 10Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, Түүний бүтээл мөн. Бурхан биднийг тэдгээрийн дотор яваасай гэж урьдаас бэлтгэсэн билээ.
11Тиймд санагтун. Та нар урьд махан биеэрээ харь үндэстэн байхдаа, махан биедээ хүний гараар “Хөвч хөндүүлсэн” гэж нэрлэгдэгсдээр “Хөвч хөндүүлээгүй” гэж нэрлэгдэж байв. 12Тэр үед та нар Христээс тусгаарлагдсан байв. Та нар Израилийн нийгмээс гадна, амлалтын гэрээнүүдийн хувьд харь хүмүүс байв. Та нар ямар ч найдваргүй, ертөнцөд Бурхангүй байлаа. 13Харин урьд нь алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов.
14Учир нь Тэр Өөрөө бидний энх тайван мөн. Тэр хоёр хэсгийг нэг болгож, хуваагдлын ханыг ба дайсагналыг Өөрийн махан бие дотор устгав. 15Тэр Өөрийнхөө дотор мөнөөх хоёрыг нэг шинэ хүн болгохын тулд зарлиг доторх тушаалуудын Хуулийг хүчингүй болгожээ. Ингэж энх тайвныг тогтоогоод, 16тэднийг аль алийг нь нэг бие дотор загалмайгаар дамжуулан Бурхантай эвлэрэх боломжтой болгов. Үүгээр дайсагналыг хөнөөв. 17Тэр ирж, алс хол байсан та нарт болон ойр байгсдад энх тайвныг тунхагласан юм. 18Тиймээс бид цөмөөрөө нэг Сүнс дотор Христээр дамжуулан Эцэг уруу очих замтай болжээ. 19Тийм бол та нар цаашид харь хүмүүс болон гаднын хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм. 20Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ. 21Түүний дотор бүх барилга холбогдон Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. 22Та нар ч гэсэн Сүнс дотор Бурханы орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна.