9 1Үнэндээ ариун хүмүүст хандсан энэ үйлчлэлийн талаар та нарт бичих нь надад илүүц юм. 2Учир нь би та нарын бэлэн байдлыг мэднэ. Та нарын үүгээр чинь би македоничуудад сайрхдаг. “Ахай ноднингоос эхэлж бэлтгэгдсэн” гэж би хэлсэн бөгөөд та нарын зүтгэл тэдний олонхыг хөдөлгөсөн билээ. 3Миний хэлж байснаар та нар бэлдээсэй гэсэндээ би ах дүүсийг илгээлээ. Та нарын талаарх бидний бахархал энэ хэрэгт хоосон болчих вий. 4Хэрэв надтай хамт македоничуудын хэн нэг нь ирж, та нарын бэлтгэлгүй байгааг олж харвал, та нараар барахгүй бид ч энэ итгэл найдвар дотор ичгүүртэй байдалд орох болно. 5Тиймд та нарын хэдийн амласан өглөгийг урьдаас бэлэн болгуулахын тулд та нар дээр түрүүлээд очооч гэж ах дүү нарыг ятгах шаардлагатай хэмээн би үзлээ. Ингэж бэлтгэснээр албадлагын бус, харин өгөөмөр сэтгэлийн өглөг байх болно.
6Тэгэхлээр ийм байна. Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана. 7Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн харамгүйгээр, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг. 8Бурхан бүх нигүүлслийг та нарт бялхаах чадалтай. Тийнхүү та нар үргэлж юм бүхэнд бүрэн хангалуун байдалтай байж, алив сайн үйлд элбэг баян байх болно. 9Энэ тухай
“Тэр тараасан, ядууст өгсөн.
Түүний зөвт байдал мөнхөд байна” 10Тариачинд тарих үрийг, идэх хүнсийг бэлдэн өгдөг Тэрээр та нарт тарих үрийг чинь ханган, өсгөх бөгөөд та нарын зөвт байдлын ургацыг улам арвин болгоно. 11Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр дамжуулан Бурханд өргөх талархлуудыг бий болгодог. 12Яагаад гэвэл энэ үйлчлэлийн үүрэг нь зөвхөн ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй, харин ч Бурханд өргөх арвин талархлуудаар мөн бялхдаг. 13Энэхүү үйлчлэлээр өгөгдсөн баталгааны улмаас тэд Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн дуулгавартай байдлын чинь төлөө, мөн тэдэнд болон бүх хүнд өгсөн та нарын хандивын өгөөмөр сэтгэлийн төлөө Бурханыг алдаршуулах болно. 14Тэд та нарын төлөөх залбирлаараа ч та нар уруу тэмүүлдэг. Учир нь Бурханы хэмжээлшгүй нигүүлсэл та нарын дотор байгаа юм. 15Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.