4 1Тиймд бид өршөөлийг хүлээн авч, энэ үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй. 2Бид ичгүүрийн улмаас нууцлагдсан юмсыг үл хэрэгсэж, заль мэхээр явалгүй, Бурханы үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр өөрсдийгөө Бурханы өмнө хүн бүрийн мөс чанарт сайшаана. 3Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг. 4Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ. 5Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг Эзэн гэж тунхагладаг. Мөн өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боолууд гэж тунхагладаг юм. 6Яагаад гэвэл “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн.
7Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Бурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг. 8Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. 9Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй. 10Бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг. Ингэвэл Есүсийн амь мөн бидний бие дотор илэрхийлэгдэх юм. 11Амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэвэл Есүсийн амь мөн бидний үхлийн махан бие дотор илэрхийлэгдэх болно. 12Тийнхүү үхэл бидний дотор ажилладагчлан, амь нь та нарын дотор ажилладаг. 13“Би итгэсэн. Тиймээс би ярьсан” гэж бичигдсэний дагуу бидэнд ч адилхан итгэлийн сүнс байж, бид ч гэсэн итгэдэг. Тиймээс бид бас ярьдаг юм. 14Эзэн Есүсийг амилуулсан Нэгэн биднийг ч бас Есүстэй хамт амилуулж, биднийг та нарын хамт Өөрийнхөө өмнө аваачна гэдгийг бид мэддэг. 15Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг билээ. Энэ нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, Бурханд алдар хийгээд талархлыг бялхсанаар өргөхийн тулд юм.
16Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. 17Учир нь цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна. 18Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол түр зуурынх, харин үл үзэгдэх юмс бол мөнх билээ.