2 1Гэвч та нар уруу дахин уй гашуу болж очихоо больё гэж би хувьдаа шийдлээ. 2Учир нь хэрэв би та нарыг гашуудуулбал миний гашуудуулсан тэр хүмүүсээс өөр хэн намайг баярлуулах вэ? 3Намайг очих үед баярлуулах ёстой хүмүүс намайг гашуудуулах вий гэсэндээ би та нарт үүнийг бичсэн юм. Миний баяр баясгалан бол та бүгдийн баяр баясгалан мөн гэдэгт би та бүгдэд итгэдэг. 4Та нарыг гашуудуулъя гэсэндээ бус, харин надад байгаа та нарын төлөө гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм.
5Хэрэв хэн нэг чинь гашуудуулсан бол тэр хүн зөвхөн намайг гашуудуулсан бус, харин ямар нэгэн хэмжээгээр та бүгдийг ч гэсэн гашуудуулсан байх. Би хэтрүүлж хэлээгүй. 6Тийм хүнд олонхын зүгээс гарсан энэ шийтгэл хангалттай. 7Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайвшруулах нь дээр юм. 8Тиймд түүний төлөө хайраа бататгахыг та нараас би хичээнгүйлэн гуйя. 9Та нар бүх зүйлийн дотор дуулгавартай байдаг эсэхийн баталгааг чинь мэдэхийн тулд би ийнхүү бичсэн. 10Та нар хэн нэгнийг ямар нэгэн юмаар нь уучилбал, би бас уучилна. Хэрэв би хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилсан бол та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан билээ. 11Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий гэсэндээ юм. Учир нь түүний хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш.
12Христийн сайн мэдээний төлөө намайг Тройд ирэхэд Эзэн өмнө маань хаалгыг нээсэн байсан. 13Би өөрийн дүү Титийг олоогүйдээ сүнс минь амарсангүй. Харин ч тэдэнтэй салах ёс гүйцэтгээд, би Македонийг зорин явсан юм.
14Харин Бурханд талархлууд нь өргөгдөх болтугай. Тэр нь биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд Түүний тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй биднээр анхилуулдаг. 15Яагаад гэвэл бид аврагдаж буй болон мөхөж буй хүмүүсийн дотор Бурханд зориулсан Христийн анхилуун үнэр мөн. 16Нэгэнд нь аминаас амь дахь үнэр авай. Нөгөөд нь үхлээс үхэл дэх үнэр авай. Хэн эдгээрт чадвартай вэ? 17Бид Бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханаас гарсан шиг, Бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор ярьдаг.