12 1Хэдий ашиггүй боловч сайрхах нь зайлшгүй. Гэвч би Эзэний үзэгдэл болон илчлэлтүүдийн тухай хэлэх гэсэн юм. 2Би Христ доторх нэгэн хүнийг мэднэ. Тэр арван дөрвөн жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. Бие дотроо юу, эсвэл биеийнхээ гадна уу гэдгийг нь би мэдэхгүй, харин Бурхан мэднэ. 3Би тийм хүнийг бие дотроо юу, эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь би мэдэхгүй, харин Бурхан мэднэ 4Диваажинд аваачигдсаныг болон үгээр хэлшгүй, мөн хүний илэрхийлж боломгүй үгсийг сонссоныг мэднэ. 5Би тэр хүний төлөө сайрхах болно. Харин би өөрийнхөө төлөө бол мөхөс байдлаасаа өөрөөр сайрхахгүй. 6Хэрэв би сайрхахыг хүсвэл мунхаг болохгүй. Учир нь би үнэнийг ярина. Гэвч хэн нэгэн нь намайг надаас хардаг буюу сонсдогоосоо илүүгээр хэтрүүлж үнэлэх вий гэсэндээ би үүнээс түдгэлздэг юм. 7Мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж, тэрхүү шалтгааны улмаас намайг өөрийгөө хэт дөвийлгэх вий хэмээн махан биед минь өргөс өгөгдсөн юм. Энэ нь намайг өөрийгөө хэт дөвийлгөхгүйн тулд намайг нударгалах Сатаны элч ажээ. 8Үүнийг надаас салгаач гэж би энэ талаар Эзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан юм. 9Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно” гэж айлдсан. Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ. 10Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг.
11Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг албадсан шүү дээ. Үнэндээ би та нараар магтуулах ёстой байсан юм. Хэдийгээр би юу ч биш боловч хамгийн эрхэм элч нараас юугаараа ч дутахгүй. 12Элчийн шинж тэмдгүүд нь тэмдэг, гайхамшиг хийгээд хүчит үйлсээр дамжуулан та нарын дунд бүхий л тэвчээртэйгээр биелэгдсэн юм. 13Би та нарт дарамт болоогүйгээс өөр юугаараа та нар бусад чуулгануудаас дутуу вэ? Та нар энэ бурууг минь уучлаарай. 14Одоо би гурав дахь удаагаа та нар уруу очиход бэлэн боллоо. Би та нарын юмсыг бус, харин та нарыг эрж хайдаг тул та нарт дарамт болохгүй. Учир нь хүүхдүүд эцэг эхийнхээ төлөө биш, харин эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө баялгийг хураах ёстой. 15Би ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд та нарын сүнснүүдийн төлөө өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүүгээр хайрлавал өөрөө багаар хайрлагдах уу? 16Тийм болог. Би та нарт дарамт болоогүй. Гэсэн хэдий ч та нар намайг зальтай нэгэн гээд өөрсдийг чинь мэхэлж авсан хэмээдэг. 17Миний та нар уруу илгээсэн тэдгээр хүмүүсийн хэнээр нь дамжуулан би та нарыг завшсан бэ? 18Би Титийг гуйж, түүнийг нэгэн дүүгийн хамт илгээсэн. Тит та нарыг завшсан уу? Бид нэг сүнсээр, нэг мөрөөр яваагүй гэж үү?
19Бид өөрсдийгөө та нарын өмнө хамгаалж байна хэмээн та нар хэдийн бодож байгаа. Бид Бурханы өмнө Христ дотор ярьж байна. Хайрт хүмүүс ээ, энэ бүгд нь та нарыг байгуулахын тулд юм. 20Би та нар уруу очих үед та нарыг хүссэнээрээ хараагүй, та нар намайг хүссэнээрээ хараагүй байх вий гэхээс айж байна. Эвдрэлцэл, атаархал, уур хилэн, маргаан, гүтгэлэг, цуурхал, их зан, үймээн самуун бүү байгаасай. 21Мөн дахин очиход минь миний Бурхан намайг та нарын өмнө гутаах вий, мөн урьд нь нүгэл үйлдэн өөрсдийн үйлдсэн ариун бус, садар самуун, тачаангуй байдалдаа үл гэмшсэн олон хүнээс болж би гашуудах вий гэдгээс айж байна.