11 1Бага зэргийн мунхаглал дотор минь намайг тэвчихийг хүсье. Намайг хүлцэн тэвчээрэй. 2Би бурханлаг хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачихаар ганц нөхөртэй сүй тавиулсан. 3Гэвч могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ уруу хандсан [цэвэр,] энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна. 4Учир нь хэрэв хэн нэг нь очоод, бидний тунхаглаж байснаас өөр Есүсийг тунхаглахад, эсвэл та нарын хүлээн аваагүй өөр сүнсийг хүлээн авахад, эсвэл та нарын хүлээн зөвшөөрөөгүй өөр сайн мэдээг хүлээн авахад та нар дуртайяа тэвчдэг. 5Би өөрийгөө хамгийн эрхэм тэдгээр элч нараас юугаараа ч дутахгүй гэж боддог. 6Хэдийгээр үг яриагаараа эв дүйгүй ч, мэдлэгээрээ тийм бишээ. Бид үүнийг бүх юмсаар, тал бүрээр та нарт харуулсан.
7Та нарыг өргөмжлөхийн тулд өөрийгөө даруу болгож, Бурханы сайн мэдээг та нарт үнэгүй тунхагласнаараа би нүгэл үйлдсэн хэрэг үү? 8Та нарт үйлчлэхийн тулд би бусад чуулгануудыг цөлмөж хөлс авч байлаа. 9Би та нарын дэргэд байхдаа юмаар дутагдахад хэнд ч төвөг удаагүй. Македониос ирсэн ах дүүс миний хэрэгцээг бүрэн хангасан. Алив зүйлээр та нарт дарамт болохгүйн тулд би өөрийгөө хичээж байсан бөгөөд хичээх ч болно. 10Христийн үнэн миний дотор байгаачлан Ахайн нутгуудад хэн ч миний энэхүү сайрхлыг болиулахгүй. 11Яагаад? Би та нарыг хайрладаггүй учраас уу? Бурхан мэддэг.
12Гэвч би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийнэ. Ингэснээр өөрсдийнхөө сайрхаад байгаа зүйл дээр бидэнтэй адилхан гэж харагдах боломжийг хүсэж буй хүмүүсээс тэр боломжийг нь би таслах юм. 13Учир нь ийм хүмүүс бол хуурамч элч нар, зальтай ажилчид, өөрсдийгөө Христийн элч нар болгон хувиргагчид аж. 14Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг учраас гайхах юм алга. 15Тиймээс хэрэв түүний зарц нар бас өөрсдийгөө зөвт байдлын зарц нар болгон хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно.
16Би дахин хэлье. Хэн ч намайг мунхаг гэж бүү бод. Хэрэв тэгж бодлоо гэхэд намайг мунхаг мэтээр хүлээн ав. Би бас жаахан сайрхмаар байна. 17Миний ярьж буй зүйл нь Эзэний дагуу ярьж байгаа бус, харин мунхаг хүн мэт сайрхуу итгэлээр ярьж байгаа юм. 18Олон хүн махан биеийн дагуу сайрхдаг тул би ч бас сайрхана. 19Учир нь та нар ухаантай атлаа мунхаг хүмүүсийг баяртайгаар хүлцэн тэвчдэг. 20Хэрэв хэн нэгэн хүн та нарыг боолчилж, цөлмөж, завшиж өөрийгөө өргөмжилж, нүүрэн дундуур чинь дэлсээд авбал та нар хүлцэн тэвчдэг шүү дээ. 21Бид мөхөс байсан гэдгээ хэлэхэд надад ичгүүртэй. Харин хэн ч ямар ч юманд зориглодог. Би мунхаглан хэлье. Би ч зориглодог. 22Тэд еврейчүүд үү? Би бас мөн. Тэд израильчууд уу? Би бас мөн. Тэд Абрахамын үр удам уу? Би бас мөн. 23Тэд Христийн зарц нар уу? (Би ухаангүй мэт ярьж байна.) Би бүр ч илүү. Хөдөлмөрөөрөө ч илүү, хоригдсоноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд орж байлаа. 24Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан. 25Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, тэнгисийн гүнд өдөр, шөнийг өнгөрөөж байлаа. 26Ахин дахин аялан явахдаа, гол мөрний аюул, дээрэмчдийн аюул, нутаг нэгтний аюул, харь үндэстнүүдийн аюул, хотын аюул, говийн аюул, тэнгис дээрх аюул, хуурамч ах дүүсийн дунд байх аюул дундуур явж байсан бөгөөд 27хөдөлмөр болон хүнд хэцүү байдал дотор байж, олон удаа унталгүй, өлсөж, цангаж, олонтаа хоол ундгүй байж, нүцгэрч, даарч хөрч байлаа. 28Энэ бүгдээс гадна, би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтанд байна. 29Хэн сул дорой байна, би сул дорой байгаагүйсэн бил үү? Хэн өдөөгдөв, би шатсан байгаагүйсэн бил үү?
30Хэрэв би сайрхах хэрэгтэй бол өөрийнхөө мөхөс байдлаар сайрхах болно. 31Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг худал яриагүйг минь мэднэ. 32Дамаскт Арет хааны захирагч намайг баривчлах гэж дамаскчуудын хотыг цагдаж байсан. 33Би том сагсан дотор суугаад, цонхоор хана дагуулан буулгагдав. Ингэж түүний гараас мултарсан юм.