4 1Ийнхүү Соломон хаан бүх Израилийг захирах хаан болжээ. 2Түүний түшмэд нь гэвэл: Задокийн хүү Азариа нь тахилч, 3Шишагийн хөвгүүд болох Елихореф ба Ахиа нар хэрэг хөтлөгчид, Ахилудын хүү Иехошафат нь бичээч, 4Иехоиадагийн хүү Бенаиа нь цэргийн жанжин, Задок ба Абиатар нар тахилчид, 5Натаны хүү Азариа нь захирагчдын ахлагч, Натаны хүү, тахилч Забуд нь хааны найз, 6Ахишар ордны түшмэл, мөн Абдагийн хүү Адонирам нь албадлагын ажилчдыг тус тус хариуцдаг байлаа.
7Соломон бүх Израилийг захирах арван хоёр захирагчийг томилжээ. Тэд хаан болон түүний гэрийнхэнд хэрэглэх зүйлсийг сар сараар ээлжлэн нийлүүлж байх үүрэг хүлээсэн байлаа. 8Тэдгээрийн нэр гэвэл Ефраимын уулархаг нутагт Бен-хур, 9Маказын, Шаалбимын, Бет-шемешийн болон Елонбет-хананы нутагт Бендекер, 10Аруббот нутагт Бен-хесед (Соко болон Хеферийн бүх нутаг түүнийх байсан) 11Дорын бүх өндөрлөг нутагт Бен-абинадаб (Соломоны охин Тафат түүний эхнэр байлаа), 12Таанах, Мегиддо мөн Иезреелийн өмнөх Заретаны хажууд байх Бет-шеаны бүх нутаг буюу Бет-шеанаас Абел-мехола, Иокмеамд хүрсэн нутагт Ахилудын хүү Баана, 13Рамот-гилеадад Бен-гебер (Гилеадад байх Манассегийн хүү Иаирын бүх тосгон, мөн Башанд байх Аргоб, бүс нутаг буюу хүрэл хаалга, хана хэрэмнүүд бүхий жаран том хот түүнийх байлаа), 14Маханаим нутгийг Иддогийн хүү Ахинадаб, 15Нафталид Ахимааз (тэр бас Соломоны охин Басематтай гэрлэжээ), 16Ашер ба Веалотод Хушаин хүү Баана, 17Иссахарт Паруагийн хүү Иехошафат, 18Бениаминд Елагийн хүү Шимеи, 19аморичуудын хаан Сихон болон Башаны хаан Огийн нутаг болох Гилеадын нутагт Урийн хүү Гебер байлаа.
20Иуда болон Израиль далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж баярлан цэнгэлдэж байлаа.
21Соломон Евфратаас Филистийн нутаг хүртэлх, мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг захирч, тэдгээр нь Соломоны амьдралын турш түүнд алба гувчуур барин үйлчилдэг байжээ. 22Соломоны нэг өдрийн хэрэглэх зүйлс нь гучин кор дээд гурил, жаран кор тээрэмдсэн буудай, 23арван тарган үхэр, бэлчээрийн хорин үхэр, буга, бор гөрөөс, согоо, таргалуулсан янзага зэргээс гадна зуун хонь байлаа. 24Учир нь Соломон Евфратаас баруун тийш орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, Евфрат голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний эргэн тойронд амар амгалан байв. 25Соломоны өдрүүдэд Данаас Беершеба хүртэлх Иуда ба Израиль хүн бүр өөрийн усан үзмийн ба инжрийн модон дор аюулгүй амьдарчээ. 26Соломон тэрэгнүүддээ зориулсан дөчин мянган жүчээтэй бөгөөд арван хоёр мянган морьтонтой байв. 27Орон нутгийн захирагчид хариуцсан сардаа Соломон хаанд болон хааны ширээнд ирэх бүх хүмүүст хүнсний зүйлсийг дутагдахгүйгээр хангадаг байлаа. 28Тэд бас адуу болон хурдан морьдын идэх арвай, сүрлийг тус тусын үүргийн дагуу байх ёстой газарт нь нийлүүлж байв.
29Бурхан Соломонд мэргэн ухаан, ухааран ялгах чадвар болон гүн ойлгох чадварыг далайн эргийн элс шиг ихээр өгчээ. 30Соломоны мэргэн ухаан дорнын бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ. 31Тэр бүх хүмүүсээс төдийгүй, езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калгол болон Дардагаас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстнүүдийн дунд дуурсгагдав. 32Тэр гурван мянган сургаалт үг хэлж, нэг мянга таван дуу зохиосон. 33Тэрээр Ливаны хуш модноос эхлээд ханан дээгүүр ургадаг хиссоп ургамал хүртэл, мөн ан амьтад, шувууд, хэвлээр явагчид, загасны талаар хүртэл ярьдаг байв. 34Соломоны мэргэн ухааны талаар дуулж мэдсэн газрын бүх хаадаас, түүний мэргэн ухааныг сонсохоор үндэстэн бүрээс хүмүүс ирдэг байжээ.