15 1Небатын хүү Иеробоам хааны арван наймдугаар жилд, Абиам Иудагийн хаан болжээ. 2Тэр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байв. 3Абиам эцгийнхээ урьд нь үйлдсэн гэм болгоныг даган явсан ба түүний зүрх сэтгэл түүний эцэг Давидын зүрх сэтгэл шиг ЭЗЭНд бүрэн зориулагдаагүй байжээ. 4Гэсэн хэдий ч Давидыг бодон түүний Бурхан ЭЗЭН түүнийг залгамжлах хүүг өсгөж, Иерусалимыг сэргээн тогтоохын тулд түүнд Иерусалимд нэгэн дэнлүүг өгчээ. 5Учир нь Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөвийг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдийн турш ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчсөнгүй. 6Түүний амьдралын бүх өдрүүдийн турш Иеробоам, Рехобоам нар хоорондоо дайсагналцаж байлаа. 7Абиамын бусад үйлс болон хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? Абиам, Иеробоам нарын хооронд ч дайн байлаа. 8Абиам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов.
9Израилийн хаан Иеробоамын хорьдугаар жилд Аса Иудагийн хаан болж захирч эхэллээ. 10Тэрээр Иерусалимд дөчин нэгэн жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байлаа. 11Аса өөрийн эцэг өвөг Давидын адил ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэж байв. 12Тэрээр бас шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг нурааж хаяв. 13Тэр бас өөрийн эмэг эх Маакаг эх хатан байхаас зайлуулжээ. Учир нь эмэг эх нь ашера мэт жигшүүрт хөргийг бүтээжээ. Аса эмэг эхийнхээ жигшүүрт хөргийг цавчин хаяж, Кидрон горхины дэргэд шатаав. 14Гэвч мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв. 15Тэр эцгийнхээ болон өөрийнхөө хадгалж байсан зориулагдсан эд зүйлс болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг ЭЗЭНий өргөөнд оруулан тавив.
16Аса болон Израилийн хаан Бааша нар хаанчлалынхаа бүх үед хоорондоо үргэлж дайтдаг байв. 17Израилийн хаан Бааша Иудаг довтлон ирж, Иудагийн хаан Асагийн газар уруу хэн боловч орж, гарахааргүй болохоор Рамад бэхлэлт босгов. 18Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн санд үлдсэн бүх алт, мөнгийг Аса хаман, түшмэдийнхээ гарт өгөөд, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Хезионы хүү Табриммоны хүү Бен-хададад илгээн, 19“Миний эцэг, таны эцэг хоёрын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг бэлэг болгон илгээсэн билээ. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач” гэж уламжлуулав. 20Бен-хадад Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор өөрийн цэргийн жанжнуудыг илгээн, Нафталийн бүх нутгаас гадна Ион, Дан, Абел-бет-маака болон Хиннеротын бүх нутгийг эзлэн авлаа. 21Бааша үүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, Тирзад үлдэв. 22Тэр үед Аса хаан нэг ч хүнийг үлдээлгүйгээр бүх Иуда хүмүүст тунхагласанд тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моддыг авч явав. Аса хаан түүгээр нь Бениамины Геба болон Мизпаг босгов.
23Асагийн хийсэн бусад зүйлс, түүний хүч чадал, түүний барьсан бүх хотууд ба хийсэн бүхнийг нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэсэнгүй гэж үү? Харин өтлөн хөгширсөн үедээ тэрээр хөлдөө өвчтэй болов. 24Аса эцэг өвгөдийнхөө хамт нойрсон, өөрийн эцэг Давидын хотод эцэг өвгөдийнхөө хамт оршуулагджээ. Түүний хүү Иехошафат түүний оронд хаанчлав. 25Иудагийн хаан Асагийн хоёрдугаар жилд Иеробоамын хүү Надаб Израилийн хаан болж, хоёр жилийн турш Израилийг захирав. 26Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдсэн бөгөөд эцгийнхээ замаар замнаж, Израилиар нүгэл хийлгэсэн эцгийнхээ алдааг давтжээ. 27Тэгэхэд Иссахарын гэрийн Ахиагийн хүү Бааша түүний эсрэг хуйвалдаан гаргаж, Надаб болон бүх Израиль Гиббетоныг бүслэж байхад филистчүүдэд харьяалагдах Гиббетонд түүнийг цохиж алав. 28Иудагийн хаан Асагийн гуравдугаар жилд Бааша Надабыг алж оронд нь хаан боллоо. 29Бааша хаан болонгуутаа л Иеробоамын гэр бүлийнхнийг бүгдийг хүйс тэмтрэв. ЭЗЭН Өөрийн боол шилон хүн Ахиагаар дамжуулан хэлсэнчлэн Бааша Иеробоамд нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг устгав. 30Учир нь Иеробоам нүгэл үйлдэж, бас Израилиар ч нүгэл үйлдүүлэн, Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.
31Надабын бусад үйлс болон хийсэн бүхнийг нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглээгүй гэж үү? 32Аса болон Израилийн хаан Бааша нар үргэлж хоорондоо дайтаж байлаа.
33Иудагийн хаан Асагийн гуравдугаар жилд Ахиагийн хүү Бааша Тирзад бүх Израилийн хаан болж, хорин дөрвөн жилийн турш хаанчлав. 34Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын замаар замнажээ.