12 1Ингээд бүх израильчууд Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учир Рехобоам ч Шехемд очив. 2Небатын хүү Иеробоам сонсох үед тэрээр Египетэд амьдарч байсан (Учир нь тэрээр Соломон хааны өмнөөс зугтан гараад Египетдээ амьдарсаар байв). 3Тэгээд тэд хүн илгээж, Иеробоамыг дуудуулан, тэрээр Израилийн бүх чуулгантай хамт Рехобоамд бараалхахдаа
4-Таны эцэг бидний буулгыг хүнд болгосон. Тийм учраас одоо бидний дээр тохсон хүнд буулга болон эцгийнхээ бэрх алба татварыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилнэ гэв. 5Рехобоам тэдэнд
-Гурван өдрөөр явцгаа, дараа над уруу дахин ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав.
6Амьд байх үед нь эцэг Соломонд нь үйлчилж байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн,
-Энэ ард түмэнд ямар хариу өгөхийг та нар надад зөвлөмөөр байна вэ? гэж асуув. 7Тэд Рехобоамд хариулан
-Хэрэв та өнөөдөр энэ ард түмний боол байж, тэдэнд үйлчилж, тэдний хүсэмжилсэн зүйлсийг нь тэдэнд өгч, тэдэнд эелдэг үгсийг хэлбэл энэ ард түмэн үүрд таны боол болох юм гэж зөвлөв. 8Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран, өөртэй нь хамт өссөн, өөрт нь үйлчилж ирсэн залуучуудтай зөвлөлдөв. 9Тэрээр тэдэнд,
-Энэ ард түмэн “Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч” гэж хэлж байхад тэдэнд ямар хариулт өг гэж та нар надад зөвлөхсөн бол? гэв. 10Түүнтэй хамт өссөн залуус түүнд
-Чамд хандан “Таны эцэг бидний буулгыг хүнд хүчир болгосон, одоо та үүнийг хөнгөлж өг” гэж шаардаж буй энэ ард түмэнд хариулахдаа”Миний чигчий хуруу эцгийн минь ууцнаас ч бүдүүн юм! 11Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол, би түүнийг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно” гэж хэлээрэй гэв.
12Хаан
-Гурав дахь өдөр над уруу буцаж ир гэж тушаасны дагуу Иеробоам ба бүх ард түмэн гурав дахь өдөр Рехобоамд бараалхав. 13Өөрт нь өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэрээр үл хайхарсан тул ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа. 14Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд хариулан
-Миний эцэг та нарын буулгыг хүнд болгосон бол, би та нарын буулга дээр нэмэх болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв. 15Хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН шилон хүн Ахиагаар дамжуулан, Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ тогтоохын тулд эдгээр бүх зүйлсийг эргүүлсэн юм.
16Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг бүх израильчууд хараад, ард түмэн хаанд хариулан
-Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ?
Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй.
Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа!
Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд 17Гэвч Иудагийн хотуудад амьдарч байсан Израилийн хөвгүүд Рехобоамын захиргаан доор үлджээ. 18Дараа нь албадлагын хөдөлмөрийн захирагч Адорамыг Рехобоам хаан илгээсэн боловч бүх израильчууд түүн уруу чулуу шидлэн алжээ. Рехобоам хаан ч шалавхан тэргэндээ суун, Иерусалим уруу зугтлаа. 19Израильчууд энэ өдрийг хүртэл Давидын гэрийнхэнтэй тэрсэлсээр байгаа юм. 20Иеробоамын эргэж ирснийг Израилийн бүх ард түмэн сонсоод, хүн илгээн, түүнийг чуулганд дуудаж, бүх Израилийг захирах хаан болгов. Давидын бүлийнхнийг зөвхөн Иуда овог л дагав.
21Ингээд Рехобоам Иерусалимд ирээд Соломоны хүү Рехобоамын хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилийн гэрийн эсрэг дайтахаар бүх Иудагийн гэрийнхэн болон Бениамин овгийг буюу зуун наян мянган дайчид болох шилмэл эрсийг цуглуулав. 22Гэвч Бурханы хүн Шемаиад Бурханы үг ирж,
23-Чи Иудагийн хаан болох Соломоны хүү Рехобоам болон Иудагийн бас Бениамины бүх гэрийнхэнд, мөн үлдсэн хүмүүст хандан 24“ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Та нар явж, өөрсдийн төрөл садан болох Израилийн хөвгүүдийн эсрэг дайтаж болохгүй. Энэ зүйл Надаас ирсэн учир хүн бүр өөр өөрсдийн гэр уруу харигтун” хэмээв” гэж хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, буцан ирж, ЭЗЭНий үгийн дагуу өөр өөрсдийн замаар одоцгоолоо.
25Иеробоам Ефраимын уулархаг нутагт Шехемийг босгон барьж тэндээ амьдарсан билээ. Тэндээс тэрээр нүүн Пенуелийг босгон барив. 26Иеробоам сэтгэлдээ
-Одоо хаанчлал Давидын гэрийнхэнд дахин очих нь. 27Хэрэв эдгээр хүмүүс Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд өргөл өргөхөөр явбал тэдний зүрх сэтгэл өөрсдийн эзэн буюу Иудагийн хаан Рехобоам уруу эргэнэ. Тэд намайг алаад Иудагийн хаан Рехобоам уруугаа буцаж очно гэж бодов. 28Хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ
-Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдыг харагтун гэв. 29Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан, нөгөөг нь Данд тавив. 30Ард түмэн алтан тугалд мөргөхөөр Даныг хүртэл явж байсан учир энэ нь нүгэл болов. 31Иеробоам бас мөргөлийн өндөрлөгүүдэд бунхан босгож, Левийн хөвгүүдээс гадна янз бүрийн өөр хүмүүсийг тахилч нар болгов. 32Иудад хийдэг баяртай адил баярыг Иеробоам наймдугаар сарын арван тавны өдөр товлож, тахилын ширээн дээр очдог байв. Тэрээр Бетелд ч үүнтэй адил үйлдэж өөрийн хийсэн тугалууддаа тахил өргөж байв. Мөн тэрээр өөрийн бий болгосон мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг Бетелд томилов. 33Хаан өөрийн сонгож тогтоосон наймдугаар сарын арван тавны өдөр Бетелд босгосон тахилын ширээндээ очив. Тэрээр Израилийн хөвгүүдэд зориулж баярыг товлон, тахилын ширээн дээр утлага уугиулахаар явав.