18 1Олон өдөр улиран өнгөрч, гурав дахь жилд ЭЗЭНий үг Елиад ирж,
-Явж, Ахабтай уулз. Би газрын гадарга дээр бороо оруулах болно гэж айлдлаа. 2Елиа Ахабт бараалхахаар явав. Тэр үед Самарид өлсгөлөн ид гаарч байлаа. 3Ахаб гэрийн түшмэд Обадиаг дууджээ. (Обадиа ЭЗЭНээс гүнээ эмээдэг нэгэн байлаа. 4Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.) 5Ахаб Обадиад
-Нутаг даяар буй булаг шандтай голын нуга хөндийгөөр яв. Бид өвс ногоотой газар олж, морь, луусуудаа амьд байлгаж, мал сүргээсээ алдахгүй байж болох юм гэж хэлэв. 6Тэд нутгийг шинжихээр өөр хоорондоо хуваагаад, Ахаб нэг тал уруу Обадиа нөгөө тал уруу, тус тусын замаа хөөн явжээ.
7Обадиа замдаа явж байтал түүнтэй Елиа таарав. Обадиа түүнийг таниад, нүүрээрээ газар унан,
-Миний эзэн Елиа та мөн үү? гэв. 8Елиа түүнд
-Би байна. Явж, эзэндээ “Харагтун Елиа энд байна” гэж хэл хэмээв. 9Обадиа
-Би ямар нүгэл үйлдсэн гэж та өөрийн зарцаа Ахабын гарт өгч, алуулах гэж байна вэ? 10Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Таныг эрж олохоор хүмүүсийг илгээгээгүй үндэстнүүд, эсвэл хаанчлалууд байхгүй. Тэдгээр нь “Тэр энд алга” гэж хэлсэн үед таныг үнэхээр олж чадаагүй гэж Ахаб уг хаанчлал эсвэл үндэстнүүдээр тангараглуулдаг байв. 11Гэтэл одоо та “Эзэндээ очоод “Харагтун, Елиа энд байна” гэж хэл” гэх юм. 12Би танаас салмагц ЭЗЭНий Сүнс таныг миний мэдэхгүй газар аваачих болно. Хэрэв би Ахабт очиж хэлээд, тэр таныг олж чадахгүй бол хэдийгээр таны боол би бага залуугаасаа ЭЗЭНээс эмээн ирсэн боловч Ахаб намайг алах болно. 13Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг алж байхад би ЭЗЭНий зуун эш үзүүлэгчийг тавь тавиар нь агуйд нуун, тэднийг талх усаар хангаж байсан тухай эзэн минь та сонсоогүй гэж үү? 14Гэтэл одоо та “Эзэндээ очоод “Харагтун, Елиа энд байна” гэж хэл” гэх юм. Тэгвэл Ахаб намайг ална шүү дээ гэв. 15Елиа
-Миний үйлчилдэг түмэн цэргийн ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би өнөөдөр заавал Ахабт бараалхана гэв.
16Обадиа Ахабтай уулзахаар очиж дуулгаад, Ахаб Елиатай уулзахаар ирэв. 17Ахаб Елиаг хармагцаа,
-Энэ чинь Израилийг зовоогч чи юу? гэсэнд 18Елиа
-Би Израилийг зовоосон бус харин чи болон чиний эцгийн гэр бүл зовоосон билээ. Юу гэвэл та нар ЭЗЭНий тушаалуудыг огоорон, Баалыг даган явсан. 19Одоо хүн илгээн, бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулагтун. Иезебелийн ширээний ард хооллодог, Баалын дөрвөн зуун тавин эш үзүүлэгчийг, мөн Ашерагийн дөрвөн зуун эш үзүүлэгчийг хамт дуудан ирүүлэгтүн гэв.
20Ахаб Израилийн бүх хөвгүүдийн дунд уг мэдээг илгээн, Кармел ууланд эш үзүүлэгчдийг хамтдаа цуглууллаа. 21Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод,
-Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй. 22Тэгээд Елиа ард түмэнд хандан
-ЭЗЭНий эш үзүүлэгчээр ганцхан би үлджээ. Харин Баалын эш үзүүлэгч дөрвөн зуун тавин хүн байна. 23Бидэнд хоёр үхрийг авчирч өгөөч. Баалын эш үзүүлэгчид өөрсдөдөө нэг үхрийг сонгон аваад, хэсэглэн эвдэж, зэрэглэсэн модон дээр байрлуулж, харин доор нь гал бүү асаа. Би нөгөө шарыг бэлтгэж, зэрэглэсэн модон дээр тавина. Би түүний доор гал асаахгүй. 24Ийн үйлдсэний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч ЭЗЭНий нэрийг дуудъя. Галаар хариу өгөх Бурхан нь жинхэнэ Бурхан мөн гэлээ. Бүх хүмүүс
-Сайн санаа байна гэцгээжээ.
25Елиа Баалын эш үзүүлэгчдэд
-Та нар олуулаа байгаа тул эхлээд үхрээ сонгон авч, бэлтгэн, бурхныхаа нэрийг дуудагтун. Харин гал ноцоож болохгүй шүү гэж өгүүлэв. 26Ингээд тэд авчирсан үхрийг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан,
-Баал аа, бидэнд хариулж өгөөч хэмээн орилолдов. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив. 27Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөн,
-Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь бясалгаж байгаа юу, эсвэл завгүй байна уу, эсвэл аяллаар явчихсан юм уу, эсвэл тэр чинь унтаж байгаа бөгөөд түүнийг сэрээх хэрэгтэй болов уу гэж хэлэв. 28Тэд чангаар хашхиран, заншил ёсоороо илд, жадаар өөрсдийгөө зүсэж, цусаа урсгав. 29Үд дунд өнгөрөхөд тэд, оройн тахил өргөх цаг болтол тэд улангасан байлаа. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй, хэн ч анхаарсангүй.
30Үүний дараа Елиа бүх ард түмэнд
-Над уруу ойртон ирэгтүн гэв. Бүх ард түмэн түүн уруу ойртон ирлээ. Тэрээр нурсан байсан ЭЗЭНий тахилын ширээг босгов. 31Елиа Иаковын хөвгүүдийн овгуудын тоогоор арван хоёр чулуу авчээ. Иаковт ЭЗЭНий үг ирж, “Чиний нэр Израиль байх болно” хэмээн айлдсан билээ. 32Эдгээр чулуунуудаараа Елиа ЭЗЭНий нэр дээр тахилын ширээ босгож, түүнийгээ тойруулан хоёр хэмжүүр тариа багтах өргөнтэй шуудуу ухав. 33Түүний дараа тэрээр модоо зэрэглэн тавиад, дээр нь үхрийн цавчилсан махыг тавилаа. Тэр
-Дөрвөн домбыг усаар дүүргэж, шатаалт тахил болон модон дээрээ асга гэв. 34Елиа
-Хоёр дахь удаа ус хий гэхэд тэд хоёр дахь удаа үүнийг гүйцэтгэв. Тэрээр
-Үүнийг гурав дахиа хий гэсэнд тэд гурав дахь удаа ус асгалаа. 35Ус тахилын ширээг тойрон хальж асгарсан төдийгүй, тэрээр шуудууг ч мөн усаар дүүргэв. 36Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч,
-Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та бол Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг, мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч. 37Надад хариу өгөөч, ЭЗЭН минь. ЭЗЭН минь Та Бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд надад хариу өгөөч гэж залбирав. 38Тэгтэл ЭЗЭНий гал бууж ирэн, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог галдан шатааж, шуудуун дахь усыг ширгээж орхив. 39Бүх ард түмэн үүнийг хармагцаа, нүүрээрээ газар шаан унаж,
-ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав. 40Елиа тэдэнд
-Баалын эш үзүүлэгчдийг баригтун. Нэгэнд нь ч зугтах боломж бүү өг хэмээв. Ард түмэн тэднийг барьж аваад, Елиа тэднийг Кишон горхины дэргэд аваачиж, тэнд алжээ.
41Елиа Ахабт
-Аадрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж буй тул явж, идэж уугтун гэв. 42Ахаб идэж уухаар явлаа. Харин Елиа Кармелын оройд гарлаа. Тэрээр газарт суун бөхийгөөд, толгойгоо өвдгөн завсраа хавчуулав. 43Тэрээр зарцдаа
-Яваад, тэнгис уруу хараадах гэж хэлэв. Зарц нь дээш гаран харчихаад
-Юу ч алга гэж хариулсанд Елиа
-Дахиад яв гэж дахин долоон удаа тушаав. 44Долоо дахь удаад зарц нь
-Хараач, хүний гарын дайтай жижигхэн үүл далайгаас хөөрөн ирж байна гэж хэлэв. Елиа
-Явж Ахабт хандан “Аадар бороонд саатахгүйн тулд тэргээ бэлтгэн явагтун” гэж хэл гэлээ. 45Тун удалгүй тэнгэрт бараан үүл хуралдан, салхи ширүүсэж, аадар бороо орж эхэллээ. Ахаб морин тэргэнд суун, Иезреел уруу явжээ. 46ЭЗЭНий мутар Елиа дээр байсан бөгөөд тэр бүслээд, Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Иезреел уруу оров.