14 1Тэр үед Иеробоамын хүү Абиа өвчтэй боллоо. 2Иеробоам эхнэртээ
-Босож, өөрийгөө Иеробоамын эхнэр гэж тэдэнд мэдэгдэхгүй болтол зүсээ хувиргаад Шило уруу явагтун. Энэ ард түмнийг захирах хаан болно гэж миний тухай хэлсэн эш үзүүлэгч Ахиа тэнд бий. 3Арван талх, зөөлөн боов, нэг шил зөгийн бал аваад түүн уруу оч. Хүүд юу тохиолдохыг тэр чамд хэлж өгнө гэж өгүүлэв. 4Иеробоамын эхнэр тийн үйлдээд, босож Шило уруу очин, Ахиагийн гэрт ирэв. Ахиа өндөр настай болсноос хараа нь бүдгэрч, харж чадахаа больжээ. 5ЭЗЭН Ахиад
-Харагтун, Иеробоамын эхнэр өөрийн өвчтэй хүүгийнхээ талаар асуухаар чам уруу ирж байна. Чи түүнд ингэж ингэж хариул. Учир нь тэр ирэхдээ өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно гэж айлдсан байлаа.
6Хаалгаар орж ирэх түүний хөлийн чимээг Ахиа сонсоод
-Иеробоамын эхнэр, орж ирэгтүн. Юунд өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно вэ? Би чам уруу муу мэдээ аваачихаар илгээгдсэн юм. 7Явж, Иеробоамд “Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү хэлж байна. “Би чамайг ард түмний дундаас өргөмжилж, Миний ард түмэн болох Израилийг захирах удирдагчаар томилж, 8Давидын ургийнхнаас хаанчлалыг тастан чамд өгсөн боловч, чи Миний зарц Давид шиг байсангүй. Давид Миний тушаалуудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв гэгдэх зүйлсийг л үйлдэхээр Намайг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ. 9Бас өөрөөс чинь өмнө байсан бүгдээс чи илүү бузар мууг үйлдэн явж, өөртөө зориулан өөр бурхад болон цутгамал, шүтээнүүдийг хийж, Намайг уурлахад хүргэн, эцэстээ Надад нуруугаа харуулсан. 10Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Израильд буй эрчүүдийг, боол ч бай, чөлөөт ч бай бүгдийг нь Иеробоамаас таслан авна. Хог новшийг юу ч үлдээлгүй шүүрддэг шиг Иеробоамын гэрийнхнийг Би цэвэрлэн шүүрдэн хаяна. 11Иеробоамд хамаарагдах хэн боловч хот дотор үхэх аваас ноход хүүрийг нь идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно. Учир нь ЭЗЭН үүнийг айлджээ” хэмээсэн” гэж хэл. 12Харин одоо чи хөдлөн, гэртээ харигтун. Чамайг хот уруу орох үед хүүхэд үхэх болно. 13Бүх Израиль түүний үхэлд гашуудан, түүнийг оршуулна. Иеробоамын гэр бүл дотор тэр хүүхдээс л Израилийн Бурхан ЭЗЭНд тааламжит сайн зүйл олдсон учраас Иеробоамын гэрийнхнээс ганцхан тэр л хүүхэд булшинд оршуулагдана. 14Үүнээс гадна ЭЗЭН энэ өдөр болон энэ цагаас хойш Өөрийнхөө төлөө Израилийг захирах өөр хааныг босгох бөгөөд тэр нь Иеробоамын гэрийг арчин хаяна. 15Учир нь усанд найгах зэгс шиг ЭЗЭН Израилийг цохих болно. Тэд өөрсдийн Ашерагийн модон шонг бүтээн, ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн тул эцэг өвгөдөд нь өгсөн энэ сайхан газраас Израилийг үндсээр нь салгаж, Евфрат мөрний чанад уруу тараах болно. 16Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно хэмээн өгүүлэв.
17Ингээд Иеробоамын эхнэр босож, Тирза уруу буцжээ. Тэрээр гэрийнхээ босгоор орж ирж байх үед хүүхэд нас барав. 18Өөрийн зарц эш үзүүлэгч Ахиагаар дамжуулан хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу бүх Израиль түүнийг оршуулж, түүний үхэлд гашууджээ.
19Иеробоамын хэрхэн дайн хийж, хэрхэн хаанчилсан зэрэг бусад үйлсийг нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэсэн юм. 20Иеробоам хорин хоёр жил хаанчлав. Тэр эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Надаб оронд нь хаан болжээ.
21Соломоны хүү Рехобоам Иудаг захирч байлаа. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд Өөрийн нэрийг тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос ЭЗЭНий сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эм Наама байжээ. 22Иуда ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэв. Тэд эцэг өвгөдөөсөө ч илүүгээр үйлдсэн өөрсдийн нүглээрээ ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэв. 23Учир нь тэд ч бас өндөр толгод бүхний орой дээр ба ногоон мод бүрийн доор өөрсдөдөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онгон баганануудыг болон Ашерагийн модон шонг босгож тавив. 24Мөн тэр газарт шүтээний янхан эрчүүд хүртэл байлаа. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий зайлуулсан үндэстнүүдийн бүх л жигшүүртэй бузар зүйлсийн дагуу тэд үйлдэж байлаа.
25Рехобоам хааны тав дахь жилд Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлон иржээ. 26Тэрээр ЭЗЭНий өргөөний болон хааны гэрийн эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ. 27Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны гэрийн хаалгыг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав. 28Хааныг ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулын хүмүүс тэр гуулин бамбайнуудыг өргөн яваад дараа нь дахин харуулын өрөөнд тавих болжээ.
29Рехобоамын бусад үйлс болон хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? 30Рехобоам, Иеробоам нарын хооронд дайн үргэлжилсээр байв. 31Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод эцэг өвгөдийнхөө дэргэд оршуулагджээ. Түүний эх нь аммон эм Наама байжээ. Түүний хүү Абиам түүний оронд хаан болов.