1 1Иудагийн хаад болох Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын Микад ирсэн ЭЗЭНий үг. Үүнийг тэр Самари болон Иерусалимын талаар харсан.
2Ард түмнүүд ээ, та нар бүгд сонсоцгоо!
Дэлхий хийгээд түүнд багтдаг бүгд ээ, сонсогтун!
Эзэн БУРХАН та нарын эсрэг гэрчилнэ.
Эзэн Өөрийн ариун сүмээс,
3Үзэгтүн, ЭЗЭН Өөрийн ариун газраас гарч ирж байна.
Тэр доош буун, дэлхийн өндөр газрууд дээр гишгэчих болно.
4Түүний дор уулс нь хайлж, хөндий талууд хуваагдах нь  Галын өмнөх лав мэт хайлан урсаж,
эгц газраар доош цутгах ус мэт байна.
5Энэ бүгд нь Иаковын тэрслэл,
Израилийн гэрийн нүглүүдийн төлөө юм.
Иаковын эсэргүүцэл нь юу вэ?
Самари биш гэж үү?
Иудагийн өндөр газрууд нь юу вэ?
Иерусалим биш гэж үү?
6Тиймээс Би Самарийг задгай газар дахь сүйрлийн овоо,
усан үзмийн төгөл суулгах газар болгоно.
Би түүний чулуунуудыг хөндий уруу асгаж, суурийг нь ил гаргана.
7Түүний бүх шүтээн нь бяцлагдаж,
олсон бүгд нь галаар шатаагдана.
Түүний бүх хөргийг нь би устгана.
Учир нь тэр эдгээрийг янхны ашгаас цуглуулсан учир
тэдгээр нь янхны ашиг уруугаа буцна.
8Үүнээс болж би гашуудаж, уйлах ёстой.
Би хөл нүцгэн, шалдан явах ёстой.
Би цөөвөр чоно мэт гаслан, тэмээн хяруул мэт энэлэх ёстой.
9Түүний шарх нь эдгэршгүй бөгөөд Иудад хүрч иржээ.
Энэ нь миний ард түмний дааман хаалганд, бүр Иерусалимд хүрсэн.
10Гатад үүнийг бүү хэл, ердөө уйлж болохгүй.
Бет-ле-афрад шороонд өнхрөгтүн.
11Шафирын оршин суугч аа,
ичгүүрт нүцгэн биеэр
өөрсдийнхөө замаар яв.
Заананы оршин суугч гарч ирдэггүй.
Бет-езел гашуудаж “Тэр чамаас хамгаалалтыг чинь авах болно” гэдэг.
12ЭЗЭНээс Иерусалимын дааман хаалга уруу гамшиг бууж ирснээс болж
Маротын оршин суугч сайныг хүлээсээр дорой болдог.
13Лахишийн оршин суугч аа, морьдоо тэргэнд хөллөөрэй.
Лахиш нь Сионы охинд нүглийн эхлэл байсан юм.
Учир нь Израилийн тэрслүү үйлс нь чамаас олдсон юм.
14Тийм учраас чи Морешет-гатын өмнөөс хагацлын бэлгийг өгөгтүн.
Ахзибын гэрүүд нь Израилийн хаадыг хуурах болно.
15Марешагийн оршин суугч аа, Би эзэмшигч нэгнийг та нар дээр авчирна.
Израилийн яруу алдар нь Адулламд орж ирэх болно.
16Та нарын баяр баясгалан болох хүүхдүүдээ бодож өөрсдийгөө халзан болгон, үсээ хус.
Бүргэд мэт их халзан бол.
Тэд та нараас салан одож цөлөгдөх болно.