6 1ЭЗЭНий юу айлдаж буйг одоо сонсогтун.
“Босож, уулсын өмнө хэргээ мэдүүлж,
толгодод дуу хоолойгоо сонсго.
2Уулс болон дэлхийн мөнхийн суурь аа,
та нар ЭЗЭНий буруутгалыг сонсогтун.
Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмний эсрэг заргатай.
Тэрээр Израильтай ч маргалдах болно.
3Миний ард түмэн, Би та нарт юу хийсэн юм бэ?
Би та нарыг яаж ядраасан юм бэ?
Надад хариулагтун!
4Үнэхээр Би та нарыг Египетийн нутгаас авчирч,
боолчлолын гэрээс золин аварсан.
Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн.
5Моабын хаан Балак юу зөвлөж,
Беорын хүү Балаам түүнд Шиттимээс Гилгал уруу юу гэж хариулж байсныг одоо санаач, ард түмэн минь.
Ингэснээр та нар ЭЗЭНий зөв үйлсийг мэдэх юм”.
6Би ЭЗЭН уруу юутай очиж,
өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ?
Би Түүн уруу шатаалт тахил, нэг наст тугалуудтай очих уу?
7Мянга мянган хуц,
арван мянган тосон голд ЭЗЭН баярладаг уу?
Би өөрийн тэрслүү үйлсийнхээ төлөө ууган хүүгээ,
сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү?
8Хүн ээ, юу нь сайн болохыг Тэр чамд айлдсан.
Шударгыг үйлд, энэрлийг хайрла,
өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?
9ЭЗЭНий дуу хоолой хотыг дуудах бөгөөд
Таны нэрнээс эмээх нь эрүүл саруул ухаан билээ.
“Сонсогтун, овог оо! Цагийг нь хэн тогтоосон бэ?
10Хорон муу гэрт хорон муугийн эрдэнэстэй болон хараагдсан богино хэмжүүртэй хүн байхгүй юу?
11Муу жинлүүр, хуурамч дэнсийг би зөвтгөж болох уу?
12Учир нь хотын баячууд хүчирхийллээр дүүрэн.
Оршин суугчид нь худал ярьдаг бөгөөд аман доторх хэл нь заль мэхтэй ажээ.
13Тиймээс Би бас чамайг өвчлүүлж,
цохиж унаган, нүглийн чинь төлөө чамайг хоосруулна.
14Чи идэх боловч цадахгүй бөгөөд гэдэс чинь өлсгөлөн байна.
Чи аюулгүй байхын тулд зайлуулах гэж оролдовч чи юу ч хадгалахгүй.
Чи юу хадгална, түүнийг чинь Би илдэнд өгөх болно.
15Чи тариалах боловч хураахгүй.
Чи чидун шахах боловч өөрийгөө тосоор тослохгүй.
Мөн усан үзмийг шахах боловч чи дарс уухгүй.
16Та нар Омрийн тогтоолууд болон Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж,
Тэдний зөвлөгөөгөөр алхдаг.
Тийм учраас Би та нарыг сүйрүүлж,
оршин суугчдыг чинь элэг доог болгоно.
Та нар Миний ард түмний зэмлэлийг үүрэх болно”.