3 1Тэгээд би ийнхүү хэлэв.
“Иаковын тэргүүлэгч нар болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо сонсоцгоо!
Шударга ёсыг та нар мэдэх ёсгүй гэж үү?
2Та нар сайныг үзэн ядаж, мууг хайрлан,
тэдний арьсыг нь хуулж, яснаас нь махыг нь салгадаг бөгөөд
3Миний ард түмний махыг идэж,
тэдний арьсыг нь хуулан,
тэдний ясыг нь хугалж,
тогоонд болон саванд мах болгон тэднийг хэрчдэг”.
4Тэгээд тэд ЭЗЭН уруу хашхирах боловч Тэр тэдэнд хариулахгүй.
Оронд нь тэр үед Тэрээр Өөрийн нүүрийг тэднээс нууна.
Учир нь тэд муу үйлс хийжээ.
5Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа “Амар амгалан” гэж хариулдаг.
Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг тэд ариун дайн зарладаг.
6Тийм учраас энэ нь та нарт үзэгдэлгүй шөнө,
мэргэ төлөггүй харанхуй болно.
Нар эш үзүүлэгчид дээр шингэж,
өдөр нь тэднийг бүрхэх харанхуй болно.
7Үзмэрчид гутамшиг болж,
мэргэчид ичих болно.
Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул тэд үнэхээр бүгд амаа таглах болно.
8Өөрөөр хэлбэл, Иаковд өөрийнх нь тэрслүү үйлсийг нь, Израильд хүртэл түүний нүглийг нь мэдүүлэхийн тулд
би хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр, шударга ёс, эр зоригоор дүүрэн байна.
9Шударга ёсыг жигшиж,
цэх шулуун болгоныг мушгидаг Иаковын гэрийн тэргүүлэгчид болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо үүнийг сонсоцгоо!
10Та нар цус урсгалтаар Сионыг, шударга бус хүчирхийллээр Иерусалимыг босгодог.
11Түүний удирдагчид хахууль аван шүүж,
тахилч нар нь үнэ хөлсөөр зааварчлан,
эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг.
Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн,
“ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү?
Бидэн дээр гай гамшиг буухгүй” гэж хэлдэг.
12Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж,
Иерусалим нь сүйрлийн овоо болж,
сүмийн уул нь ойн модот өндөр газрууд болно.