23 1ЭЗЭН Израилийг тал бүрийн дайснаас нь амруулснаас хойш олон өдрүүд өнгөрсний дараа, бас Иошуа нас ахиж хөгширсний дараа 2бүх Израилийг, тэдний настангууд, тэргүүлэгчид, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд
-Би хөгширч, нас минь ахив. 3Мөн та нарын төлөө эдгээр бүх үндэстнүүдэд Бурхан ЭЗЭНий тань хийсэн бүхнийг та нар харсан, учир нь Бурхан ЭЗЭН та нарын төлөө дайтсан Нэгэн байв. 4Хар, Иорданаас бүр Их Тэнгисийг хүртэл наран жаргах зүгт миний эзлэн авсан бүх улс үндэстнүүдийн хамт үлдсэн энэ бүх үндэстнүүдийг Би танай овгуудад өв болгон хуваарилан өгсөн билээ. 5Та нарын Бурхан ЭЗЭН Өөрөө тэднийг урдаас чинь түлхэн гаргаж, хөөн зайлуулах ба та нарын Бурхан ЭЗЭНий та нарт амласан ёсоор тэдний нутгийг та нар эзэмших болно. 6Тэгэхээр Мосегийн хуулийн номд бичигдсэн бүхнийг сахиж хийхдээ маш тууштай байж, түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй бай. 7Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстнүүдтэй холбогдолгүй, тэдний бурхдын нэрийг дурьдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд бөхийн мөргөлгүй бай. 8Харин энэ өдрийг хүртэл хийсэн шигээ, та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНээс бат барьж байх ёстой. 9Учир нь агуу ба хүчит үндэстнүүдийг ЭЗЭН та нарын өмнөөс хөөн гаргасан. Энэ өдрийг хүртэл нэг ч хүн та нарын өмнө сөрөн зогсож чадаагүй билээ. 10Танай нэг хүн мянган хүнийг зугтахад хүргэдэг. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН та нарт амласан ёсоороо та нарын төлөө тулалддаг Нэгэн билээ. 11Тэгэхээр өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайрлахын төлөө хичээн анхаарагтун. 12Учир нь хэрэв та нар замаасаа буцаж, та нарын дотор үлдсэн тэдгээр үндэстнүүдийн хүмүүстэй холбогдож, тэдэнтэй нийлэн, гэр бүл болох юм бол 13та нарын Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнүүдийг өмнөөс чинь хөөн гаргахаа болино гэдгийг бат мэдээрэй. Харин Бурхан ЭЗЭНий тань та нарт өгсөн энэ сайхан нутгаас та нарыг мөхөж үгүй болтол тэд та нарт урхи ба занга нуруунд чинь ташуур, нүдэнд чинь өргөс болох болно.
14Одоо би бүх дэлхийнхний жамаар одох гэж байна. Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа. 15Харин та нарын Бурхан ЭЗЭНий та нарт айлдсан бүх сайн үгс биелсэнтэй адил түүнчлэн Өөрийнхөө өгсөн сайхан нутгаас та бүгдийг устгатлаа ЭЗЭН та нарын дээр бүх аюулыг авчрах болно. 16Та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаасан гэрээг зөрчин, өөр бурхдад очин үйлчилж, тэдэнд сөгдөн мөргөвөл, ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг шатаж, Түүний та нарт өгсөн сайхан нутагт та нар удахгүй мөхөх болно гэв.