13 1Иошуа нас ахиж хөгшрөхөд ЭЗЭН түүнд
-Чиний нас ихэд өндөр болов. Гэвч эзэмшилд авах маш их газар байсаар л байна. 2Үлдсэн нутгууд гэвэл Филист болон Гешурын бүх бүс нутаг болох 3Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван эзний газар нутаг буюу аввичуудын газар нутаг, 4өмнө зүгт канаанчуудын бүх нутаг болон аморичуудын хил нутаг дахь Афекийг хүртэлх сидончуудад харьяалагдах Меара, 5мөн гебаличуудын нутаг хийгээд Хермон уулын доорх Баал-гадаас Лебо-хаматыг хүртэлх, дорно дахь бүх Ливан юм. 6Ливанаас авахуулаад Мисрефот-маим хүртэлх уулархаг нутгийн бүх оршин суугчид болох бүх сидончуудыг Би Израилийн хөвгүүдийн урдаас хөөн гаргах болно. Зөвхөн Би чамд тушаасны дагуу энэ газрыг Израильд өв болгон хуваарилагтун. 7Тэгэхээр одоо энэ нутгийг есөн овог болон Манассегийн хагас овогт өв болгон хуваа гэв.
8Манассегийн нөгөө хагас овгийнхонтой хамт Реубен болон Гадынхан Иорданаас цааших зүүн зүгт Мосегийн тэдэнд өгсөн өвийг хүлээн авсан байжээ. ЭЗЭНий зарц Мосегийн тэдэнд өгсөн нутаг нь ийм болой. 9Энэ нь Арнон голын хөндийн захад орших Ароер болон хөндийн дунд орших хотоос Дибоныг хүртэл Медебагийн тал газар, 10мөн Хешбонд хаанчилж байсан аморичуудын хаан Сихоны бүх хотоос Аммоны хөвгүүдийн нутгийн хилийг хүртэл үргэлжилж байсан юм. 11Мөн Гилеад болон гешурчууд ба маакатчуудын нутаг дэвсгэр, Хермон уул бүхэлдээ, бас Салекаг хүртэлх бүх Башаныг буюу 12Аштарот ба Едреид хаанчилж байсан (Рефаимчуудаас үлдсэн хамгийн сүүлчийн хүн), Башан дахь Огийн бүхий л хаант улсыг багтааж байсан. Мосе тэднийг ялж, газар нутгийг нь эзлэн авсан юм. 13Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар ирсэн. 14Зөвхөн Левийн овогт тэр ямар ч өв өгсөнгүй. ЭЗЭН айлдсан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд галаар өргөсөн тахилууд бол тэдний өв юм.
15Ийнхүү Мосе Реубений хөвгүүдэд тэдний ургийн дагуу өвийг нь өгөв. 16Ингээд тэдний нутаг дэвсгэр нь Арнон голын хөндийн ард орших Ароер мөн хөндийн дунд орших хот болон Медебагийн хажуудах бүх тал нутгаас 17Хешбон ба тал нутаг дахь түүний бүх хотууд, тухайлбал Дибон, Бамот-баал, Бет-баал-меон, 18Иахаз, Кедемот болон Мефаат, 19Кириатаим, Сибма ба хөндийн уулан дээрх Зерет-шахар, 20Бет-пеор ба Писгагийн хормой газар ба Бет-иешимот зэргийг, 21бүр тал газрын бүх хот ба Хешбонд хаанчилж байсан аморичуудын хаан Сихоны бүхий л улс юм. Мосе энэ хааныг уг нутагт амьдарч байсан Сихоны ноёд болох Еви, Рекем, Зур, Хур, Реба зэрэг Мидианы удирдагчдын хамт бут цохив. 22Израилийн хөвгүүд бусад алагдагсдаас гадна бас Беорын хүү мэргэч Баламыг сэлмээр цавчив. 23Реубений хөвгүүдийн нутгийн хил нь Иорданы эрэг байлаа. Эдгээр нь хотууд ба тэдний тосгодууд тэдний ургуудын дагуух Реубений хөвгүүдийн өв байв.
24Мосе мөн Гадын овогт, Гадын хөвгүүдэд ургуудынх нь дагуу өвийг өгөв. 25Тэдний нутаг дэвсгэр нь гэвэл Иазер Гилеадын бүх хотууд, мөн Раббагийн урд тал дахь Ароерыг хүртэл тэлэх Аммоны хөвгүүдийн нутгийн хагас, 26мөн Хешбоноос Рамат-мизпе болон Бетонимыг хүртэл, Маханаимаас Дебирийн нутгийг хүртэл, 27мөн хөндийд Бет-харам, Бет-нимра, Суккот ба Зафон, болон Хешбоны хаан Сихоны хаант улсын Иорданаар хязгаарлагдсан үлдсэн хэсгээс Иорданы цаана зүүн талд Хиннеретийн далай хүртэлх нутаг байлаа. 28Эдгээр нь хотууд болон тэдний тосгод, тэдний ургуудын дагуух Гадын хөвгүүдийн өв нь байв.
29Мосе бас Манассегийн овгийн хагаст буюу Манассегийн хөвгүүдийн овгийн хагаст, ургуудынх нь дагуу нутаг оноосон билээ. 30Нутаг дэвсгэр нь Маханаимаас бүх Башаныг, Башаны хаан Огийн бүх хаанчлал болон Башан дахь Иаирын бүх суурин, нийтдээ жаран хотыг оролцуулж байв. 31Гилеадын хагас, мөн Башан дахь Огийн хаанчлалын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст, тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв.
32Эдгээр нь Иорданы цаад талд Иерихогийн зүүнтэйд Моабын талд байхдаа Мосегийн өв болгон хуваасан газар нутгууд юм. 33Гэвч Левийн овогт Мосе ямар ч өвийг өгсөнгүй. Израилийн Бурхан ЭЗЭН тэдэнд амласанчлан, Өөрөө тэдний өв нь байлаа.