9 1Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийд хамаатай ариун газар ба үйлчлэлийн зарлигуудтай байжээ. 2Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ болон ариун талх байв. Энэ нь “Ариун газар” хэмээгддэг юм. 3Хоёр дахь хөшигний ард “Ариунаас Ариун газар” гэгддэг асар байв. 4Тэнд утлага тахилын алтан ширээ, бүх талыг нь алтаар бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа. 5Өршөөлийн суудлыг халхлагч алдрын херубууд авдрын дээр байсан. Гэвч одоо энэ талаар нэг бүрчлэн ярьж чадахгүй.
6Эдгээр нь ийнхүү бэлтгэгдмэгц, тахилч нар үйлчлэлийг гүйцэтгэхээр эхний асарт байнга ордог бөгөөд 7харин хоёр дахь газарт жилд ганц удаа зөвхөн тэргүүн тахилч ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдэлгүйгээр үйлдсэн нүглүүдийн төлөө өргөх цусгүйгээр ордоггүй байжээ. 8Эхний асар байж байхад ариун газар уруу орох зам нээгдээгүй хэвээр байгааг Ариун Сүнс харуулж байна. 9Энэ нь одоо үеийн төлөөх билэгдэл байлаа. Ёсоор нь өргөгддөг бэлэг ба тахил нь үйлчлэгчийг мөс чанараар нь төгс болгож чадахгүй. 10Энэ нь өөрчлөлтийн үе хүртэл тогтоогдсон хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махан биед хамаатай зарлигууд юм.
11Харин Христ ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч болж, үзэгдэхдээ Тэрээр илүү агуу бөгөөд илүү төгс асраар нэвтрэв. Энэ асар гараар хийгдээгүй, өөрөөр хэлбэл энэхүү бүтээлийнх биш ажээ. 12Тэр ямаа болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэг удаа бүгдийн төлөө орсон. 13Учир нь хэрэв махан биеийг цэвэршүүлэхийн тулд бузартсан хүмүүсийн дээр ямаа болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол, 14тэгэх тусмаа мөнх Сүнсээр гэмгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь бидний мөс чанарыг үхсэн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ!
15Тийм учраас Тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь анхны гэрээн дор үйлдсэн гэм бурууг золихын төлөө үхэж, дуудагдсан хүмүүст мөнх өвийн амлалтыг хүлээн авахуулахын тулд болой. 16Учир нь хаана гэрээс байна, тэнд гэрээслэгчийн үхэл зайлшгүй өргөгдсөн байх ёстой. 17Учир нь гэрээслэгч амьд байгаа цагт гэрээс нь хэзээ ч хүчин төгөлдөр болохгүй. Гэрээс нь тэдгээр хүмүүсийг үхсэний дараа хүчинтэй болох аж. 18Тиймд анхны гэрээ ч цусгүйгээр батлагдаагүй юм. 19Учир нь Хуулийн дагуу тушаал бүрийг Мосе бүх хүнд айлдсаны дараа тэрээр тугал [болон ямааны] цусыг ус, час улаан ноос, хиссопын мөчрийн хамт аваад, уг ном дээр болон бүх хүн дээр цацаад, 20“Энэ бол Бурханы та нарт тушаасан гэрээний цус мөн” гэж хэлжээ. 21Үүний адилаар тэр асар ба үйлчлэлийн бүх сав суулга дээр цус цацав. 22Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршүүлэгддэг бөгөөд цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй ажээ.
23Тиймээс тэнгэр дэх юмсын хуулбаруудын хувьд эдгээрээр цэвэршүүлэгдэн, харин тэнгэрлэг юмс нь өөрсдөө эдгээрээс илүү дээр тахилуудаар цэвэршүүлэгдэх шаардлагатай байв. 24Учир нь Христ жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ. 25Тэргүүн тахилч жил бүр ариун газар уруу өөрийн бус цустай ордог шиг Тэр дандаа Өөрийгөө өргөх албагүй байв. 26Тийм бишсэн бол, Тэр ертөнцийн сууриас хойш үргэлж зовох хэрэгтэй болно. Харин эдүгээ, үеийн төгсгөлд Өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд Тэр нэг удаа үзэгдсэн юм. 27Нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон. Үүний дараа шүүгдэхийн адил, 28тийнхүү Христ мөн олны нүглүүдийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийн талаар бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврах болно.